ХӨСҮТ-өөс Сэлэнгэ аймагт “Халдварт өвчний цар тахал, дэгдэлт-Хүний эрх“ сургалтыг амжилттай зохион байгууллаа
ХЭҮК, ХӨСҮТ хамтран “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэдэг халдварт өвчний цар тахал, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ, тусламж үйлчилгээг хүний эрхийн хандлагад нийцүүлэн үзүүлэх нь” сэдэвт сургалтыг аймаг, орон нутагт зохион байгуулж байгаа юм.
Хоёр дах удаагийн сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 23-наас 2 өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн онцгой комисстой хамтран амжилттай зохион байгуулагдлаа.
Эхний өдөр: Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга, гишүүд зэрэг салбар дундын байгууллагын 40 алба хаагч (Засаг даргын тамгын газар, орлогч дарга, ОБГ-ын дарга, Хил хамгаалах алба, Хилийн цэрэг, Гаалийн газар, Цагдаагийн байгууллага, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар, Эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын төв, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар,Ус цаг уурын газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Гэр бүл хөдөлмөр халамж үйлчилгээ, Автотээвэр, Дулааны станц, Улаан загалмайн хороо гм)-ид хамрагдлаа. Сургалтыг аймгийн засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж нээж үг хэлсэн бөгөөд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар мэдлэг, мэдээллээ сайжруулах нь дараа дараагийн болзошгүй эрсдэлийн үед бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.
Хоёр дах өдөр: Аймгийн 16 сумын онцгой комисс болон салбар дундын байгууллагын 38 алба хаагчид (Сумын засаг дарга, орлогч, тамгын газрын дарга, мал эмнэлэг, хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц, хууль эрхзүй, нийгмийн бодлого, санхүү, эрүүл мэндийн төвийн дарга, мэргэжилтэн, албан хаагч) хамрагдаж, аймгийн Засаг даргын орлогч З.Рэгзэдмаа удирдан явуулав.
Коронавирүст халдвар (КОВИД-19) цартахлын үеийн хүний эрх, эрх чөлөөний сургамжид үндэслэн ХЭҮК-ын Орхон аймаг дахь орон нутаг хариуцсан хэлтсийн референт, ХӨСҮТ-ийн сургагч багш нар танхим болон цахимаар хичээл зааж, дадлага удирдан явуулав.









