Монголын мэс засалч эмч нар 17 дахь удаагаа чуулж, ОЛОЛТ АМЖИЛТАА хэлэлцэж байна
Өнөөдөр Монголын мэс засалч эмч нарын холбоо, "Мedical Korea academy" буюу БНСУ-ын Анагаахын академитай хамтран зохион байгуулж буй Монголын мэс засалч нарын холбооны 17 дугаар чуулган “Дэвшилтэт технологи ба нотолгоонд суурилсан эмчилгээ” нэрийн дор эхэллээ.
Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав, Хүний гавьяат эмч, доктор, профессор Д.Нямсүрэн, профессор П.Батчулуун, Монголын мэс засалч эмч нарын холбооны Гүйцэтгэх захирал Д.Баян-Өндөр болон болон бусад албаныхан оролцож байна.
Энэ удаагийн чуулганд Ерөнхий мэс засал, зүрх судас, бөөр, мэдрэлийн болон хүүхдийн мэс заслын чиглэлээр нийслэл, хөдөө орон нутаг болон хувийн хэвшлийн нийт 300 орчим мэс заслын эмч нар оролцож, өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн, шинээр нэвтрүүлсэн дэвшилтэд технологийн талаар туршлага солилцохоос гадна, салбартаа тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна.
Мөн энэ үеэр Монголын мэс засалч нарын холбоон тэргүүнээр 15 жил ажилласан, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н.Баасанжав багшийг Монголын мэс засалч нарын холбооны "Хүндэт өргөмжлөл"-өөр өргөмжиллөө.
Мэс заслын тусламж үйлчилгээ бол хутга барьж хүнийг эмчилдэг гэдгээр онцгой салбар. Тиймээс Мэс заслын эмч нарын чуулган "Мэдлэг +Ес зүй" сэдэв дор болж байна
Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлсэн үгэндээ "Мэс заслын тусламж үйлчилгээ бол хутга барьж хүнийг эмчилдэг гэдгээр маш онцгой салбар. Тиймээс мэс заслын эмчийн мэдлэг, туршлагаас гадна, ёс зүй маш чухал байдаг. Ёс зүй дээд хэмжээнд байж хүний эмчилдэг. Нөгөө талаас хамгийн эрсдэлтэй ажил хийдэг. Хүний амь нас нь эндсэн, эндэх гэж байгаа нарийн мөчид очиж хүний аварна гэдэг бол маш том хариуцлага, үүрэг байдаг. Тийм ч утгаараа Монголын мэс засалч нарын холбооны 17 дугаар чуулганыг энэ жил "Мэдлэг +Ес зүй" сэдэв доор зохион байгуулж байгаагаар онцлогтой болж байна.
24 жилийн өмнөх мэс заслын тусламж үйлчилгээг өнөөдөртэй харьцуулахад том дэвшил гарсан нь харагдаж байна. Тухайлбал, өнөөдөр бид робот мэс заслыг ярьж, дурангийн мэс засал аль хэдийн нэвтэрчихсэн, судсан доторх эмчилгээнүүд өргөн хүрээнд хийгдэж ард иргэдээ харвалт шигдээсээс аварч чаддаг болчихсон. Энэ мэтчилэн мэс заслын салбарын технологи маш хурдацтай хөгжиж байна. Харин үүн дээр төрийн бодлого, санхүүжилтийн тогтолцоо тогтвортой, зөв байвал технологийн дэвшлийг Монгол хүн цаг алдалгүй авах боломж бүрдэх юм.
Хавдар өвчин судлалын төв 2026 онд робот мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн ХСҮТ Эрдэнэтэд хавдрын салбар эмнэлгээ нээж байна. Бид цаашид хотоос хот дамжсан мэс заслыг хийх том зорилтыг тавьж, эмч мэргэжилтнүүдээ сурган ажиллаж байна." гэж, чуулганд оролцож байгаа нийт эмч мэргэжилтнүүдэд амжилт хүсэв.
Мэс засал эмч ёс зүйтэй, зоригтой, шинэ техник технологийг эрэлхийлсэн, өндөр мэдлэгтэй байх ёстой
Монголын мэс засалч эмч нарын холбооны Ерөнхийлөгч асан, Хөдөлмөрийн баатар, академич Н.Баасанжав "Өнөөдөр Монголын мэс засалч нарын холбооны 17 дугаар чуулганаар өнгөрсөн жилийн мэс заслын салбарын ололт амжилтыг хэлэлцэж, харилцан туршлага солилцохоос гадна цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцдэгээр онцлогтой. Мэс засалч хүн бол ёс зүйтэй, харилцаа хандлага сайтай, зоригтой, шинэ техник технологийг эрэлхийлсэн, өндөр мэдлэгтэй байх ёстой. Тиймээс хойш үеийн залуу мэс засалч эмч нар сайн суралцах хэрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна" гэдгийг онцлов.
Монголын мэс засалч нарын холбооны 17 дугаар чуулган “Дэвшилтэт
технологи ба нотолгоонд суурилсан эмчилгээ” нэрийн дор зохион байгуулагдаж байна
МУ-ын Төрийн соёрхолт, Монголын мэс засалч эмч нарын холбооны Гүйцэтгэх захирал Д.Баян-Өндөр " Анагаах ухааны хөгжил хурдацтай явагдаж байгаа учраас бид жил бүр ололт амжилт, тулгамдсан асуудлаа ярилцах шаардлагатай болсон. 24 жилийн өмнө яг энд Мэс засалч эмч нар ахны чуулганаа хийж байсан бол өнөөдөр бид 17 дугаар чуулганаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн чуулганыг "Мedical Korea academy" буюу БНСУ-ын Анагаахын академитай хамтран зохион байгуулж, орчин үеийн шинэ технологи арга дэвшлүүдийг харуулсан, манай мэс засалч эмч нарын сургалтад нөлөөлөхүйц хэмжээний итгэлүүд тавигдаж байгаар онцлогтой болж байна.
Мөн өнөөдөр Монголын зас заслын олон салбарын эмч нарын итгэл тавигдана. Тэр дундаа ерөнхий мэс засал, зүрхний, бөөрний, мэдрэлийн, хүүхдийн мэс заслын эмч нар болон БНСУ-ын доктор, профессоруудын итгэл тавина.
Бид сүүлийн 3 жилийн хугацаанд БНСУ-ын багтай хамтран ажилласнаар Солонгост эмч нараа сургах, зэргийн шалгалт авахад тодорхой лекцүүд авах чиглэлээр хамтран ажиллаж байна." гэдгийг онцлов.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг байсан тус чуулган 2023 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдахаар болсон юм.









