С.Энхболд: Хувийн хэвшлийн эмнэлэгт давуу эрх олгож, даатгалын сангаас мөнгө олгоогүй. Харин ч 120 ТЭРБУМААР бууруулсан
ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД-оос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Хувийн хэвшлийн эмнэлэгт давуу эрх олгож, даатгалын сангаас мөнгө олгосон зүйл байхгүй. Харин ч энэ онд хувийн хэвшлийн эмнэлгийн санхүүжилтийг багасгасан.
Манай байгууллага дангаараа ч шийдвэр гаргадаг байгууллага биш. Засгийн газар, ЭМДҮЗ-ийн тогтоол, шийдвэрийг л хэрэгжүүлж ажилладаг.
Энэ онд 2 их наяд 242 тэрбум 447 сая төгрөгийг баталсан. Үүний 52 хувь буюу 1 их наяд 180 тэрбум төгрөгийг лавлагаа шатлалын эмнэлэгт хуваарилсан.
Өөрөөр хэлбэл лавлагаа шатлалын 321 эмнэлэгт дээрх мөнгийг хуваарилсан. Тус эмнэлгүүдийн 85 нь төрийн өмчит бол бусад эмнэлэг нь хувийнх. Энэ онд бид ЭМДҮЗ-өөр улсын, хувийн гэж тусад нь төсвийг нь хуваарилуулж авсан.
Улсын эмнэлэгт 1 их наяд 17 тэрбум төгрөгийг батлуулсан бол хувийн эмнэлэгт 163 тэрбум төгрөгийг батлуулсан. Энэ нь өмнөх оноос 120 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Тэгтэл яагаад хувийн эмнэлэгт их мөнгө олгочихлоо гэж яриад байгааг ойлгохгүй байна. ЭМД-тай холбоотой Засгийн газрын хурлуудад намайг дуудаж оролцуулдаггүй. Нэг байгууллага удирдаж яваа хүний хувьд учир байдал, асуудлаа шийдвэрлэхийн төлөө л ажилласан.
Өнөөдрийн байдлаар миний халагдсан гэх тушаалыг надад өгсөн зүйлгүй, ЭМЯ-аас хэн ч холбогдоогүй. Лхагва гарагаас эхлээд л цахимаар ажлаас нь түтгэлзүүллээ гэж л яриад байна." хэмээлээ.
ШУУД:









