М.Ариунзаяа: Хоёрдугаар эмнэлэг цөсний сувгийн чулуу авах, эрт үеийн хавдар хуулах ажилбарыг дурангийн аргаар хийж байна
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Дурангийн төвийн дурангийн эмч М.Ариунзаяагаас тодрууллаа.
Танай төвийн хувьд дурангийн ямар ямар үйлчилгээг үзүүлж байна вэ?
Улсын Хоёрдугаар тэв эмнэлгийн Дурангийн төвд өдөртөө 50-60 иргэн үйлчлүүлдэг бөгөөд хоол боловсруулах дээд болон доод замаас цус алдсан тохиолдолд цус тогтоох мөн ургацаг оношлогдсон тохиолдолд ургацаг авах ажилбарыг дурангийн аргаар хийж байна.
Мөн дурангийн аргаар ходоод, улаан хоолой, гуурсан хоолойн уян дуран, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн оношилгоо хийхээс гадна зарим мэс ажилбарыг хийж байна.
Манай төвд хийгдэж буй нэг онцлог ажилбар нь цөс, нойр булчирхайн суваг сэтгүүрдэх мэс ажилбарыг хийж байна. Өөрөөр хэлбэл зарим иргэдийн хувьд цөсөө авахуулсан хэдий ч цөсний сувгандаа чулуутай болох тохиолдол гардаг. Энэ үед заавал нээлттэй мэс засал хийлгүйгээр дурангийн аргаар чулууг авах мэс ажилбарыг хийж байна. Үүнээс гадна хавдрын шалтгаантай суваг нарийссан тохиолдолд нарийслыг тэлэх ажилбарыг хийж байна.
Эмнэлгийн хүрээнд иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох үүднээс хавдрын тусламж, үйлчилгээг тэлэх зорилт тавин ажиллаж байгаа. Тэгвэл Дурангийн төв нь энэ хүрээнд эрт үеийн хавдар хуулах мэс ажилбарыг нэмэгдүүлж байна.
-Дурангийн шинжилгээнд орохоосоо төвөгшөөгөөд хийлгэхгүй байх тохиолдол байдаг. Тэгвэл иргэд ямар тохиолдолд ходоодны дуранг заавал хийлгэх ёстой байдаг вэ?
Хамгийн түгээмэл зовуурь нь аюулхайд өвдөх, улаан хоолойн сөөргөөтэй холбоотой цээж хорсох, гулгих шинж тэмдэгтэй иргэд хамгийн эхлээд ходоод, улаан хоолойн дурангийн шинжилгээ өгөх шаардлагатай.
Үүнээс гадна ходоодны дурангийн шинжилгээг 40 наснаас дээш насныхан хоёр жилдээ нэг удаа, бүдүүн шулуун гэдэсний дуранг таван жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх зорилгоор заавал өгөх ёстой байдаг. Тэгэхдээ ямар нэгэн зовуурь илэрвэл тухайн үедээ заавал шинжилгээ өгч, тодруулах хэрэгтэй байдаг. Иргэдийн хувьд ходоодны дурангаас айж, өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг. Тэгэхдээ шинжилгээ өгөхөд ямар нэгэн айх зүйл огт байхгүй. Хэрэв та ямар нэгэн шалтгаанаар дурангийн шинжилгээнээс айж байгаа бол манай эмнэлэгт унтуулгатай дурангийн шинжилгээг авдаг.
-Ходоод өвдөх хамгийн том шалтгаан нь юу вэ?
Сүүлийн жилүүдэд ходоод, улаан хоолой өвдөх хамгийн том шалтгаан нь хеликобактер болж байна. Хеликобактераас үүдэж ходоодны шархлаа үүсэж, хавдар болох эрсдэлтэй. Үүнээс гадна амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, архи тамхины хэрэглээнээс үүдэж ходоодны шархтай болох тохиолдол их байна. Үүнээс гадна бүдүүн гэдэсний ургацагийг эрт илрүүлж, авахуулах шаардлагатай байна. Ургацаг авахгүй удсан тохиолдолд хавдар болох эрсдэлтэй.
Үүнээс гадна иргэд амьдралын хэв маягаа зөв болгож, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй. Монголчууд нэг дор их идэх, идсэн даруйдаа хэвтэх тохиолдол их байдаг. Энэ нь зарим төрлийн өвчнийг үүсгэх эрсдэлтэй тул сэргийлэх хэрэгтэй байна.
Мөн сүүлийн жилүүдэд гадуур хооллох, түргэн хоолны хэрэглээ их болсон. Энэ нь хеликобактерыг өдөөх эрсдэлтэй байдаг.
-Дурангийн багаж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, ариутгалыг асуухгүй өнгөрөөж болохгүй. Танай эмнэлгийн тухайд ариулгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийдэг вэ?
Дурангийн шинжилгээнд хэрэглэж буй багаж тоног төхөөрөмжийг орчин үеийн багаж ашиглан бүрэн ариутгаж ашиглаж байна.









