УХТЭ: Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг “Төрсөн цагаас нь аюулгүй байдалд анхааръя” уриатайгаар тэмдэглэж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жил хүүхэд тэдний эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтны нярай болон хүүхдийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” сэдвийн хүрээнд “Төрсөн цагаас нь аюулгүй байдалд анхааръя” уриатайгаар энэхүү өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж байна.
Тэгвэл энэ хүрээнд Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс иргэдэд зориулсан өдөрлөгийг эмнэлэг дээрээ зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж, УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр хэлсэн үгэндээ “УХТЭ-ийн хувьд Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” уриан дор зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр үйлчлүүлж буй иргэд болон эмнэлгийн ажилчиддаа мэдээлэл, зөвлөгөөг өгч байна. Манай эмнэлэг нь лавлагаа шатлалын эмнэлэгтээ Хүүхдийн тасагтай. Тасаг нь 50 ортойгоор үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 0-18 насны хүүхдүүдэд амбулатори болон бусад төрлийн үйлчилгээг үзүүлдэг.” гэдгийг онцоллоо.
УХТЭ-ийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга З.Арьяасүрэн:
Монгол Улс нь 2019 оноос хойш Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Өнөөдрийн өдөрлөгт УХТЭ-ийн бүх тасаг нэгжүүд оролцож, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар ажил, арга хэмжээ хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгч байна. Энэ жилийн хувьд өдөрлөгийг “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж, үйлчилгээ” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд УХТЭ-ийн Хүүхдийн тасгаас гэнэтийн осол аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, жишээлбэл хахсан тохиолдолд ямар арга хэмжээ авахи, уян зүүнд хэрхэн халдвар оруулахгүй байх зэрэг нэн шаардлагатай мэдээллийг өгч байна. Бусад тасгийн хувьд өндөр эрсдэлтэй эмийн аюулгүй байдал, унах эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээг зөв хүнд нь зөв газарт нь хийх зэрэг журмууд хэрхэн хэрэгжиж байгаа талаар мөн мэдээлэл өгч байна.









