С.Энхболд: ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд халдварт өвчний дэгдэлтийн зүй тогтлыг тооцоолж чадах ур чадварт суралцаж байна
ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-өөс “Амьсгалын замын халдварын эмгэг төрөгчдийн хөдлөл зүйн таамаглалыг тооцох” сургалтыг 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолох, боломжит дэгдэлтийн эрчмийг урьдчилан үнэлэх, хариу арга хэмжээний үр нөлөөг тоон үндэслэлээр загварчлах боломжийг бүрдүүлж, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжих бэхжүүлэх, чадавхжуулах зорилгын хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн 30 гаран мэргэжилтнүүдийг хамруулж байна.
Сургалтыг нээж ЭМЯ-ны НЭМБГ-ын дарга Д.Баярболд, ДЭМБ-ын Монгол дах суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал С.Энхболд үг хэлсэн ба хэлсэн үгэндээ “Өнөөдрийн сургалт нь зөвхөн мэдлэг солилцох бус, харин олон улсын шилдэг туршлага, шинжлэх ухааны арга зүйг нутагшуулах, өөрсдийн онцлогт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж буйг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн энэ сургалт нь улаанбурхан өвчний дэгдэлт бүртгэгдэж, томуугийн улирал эхэлж байгаа энэ үед зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон үйл ажиллагаа болж байна.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “ Сургалтад ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд оролцож, болзошгүй дэгдэх томуу, томуу төст өвчин, түүний дараагийн дэгдэлт гарах математик загварчлал тооцооллыг бэлдэж, цаашид энэ өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, хүний нөөцийг болон бусад нөөцийг хэрхэн зөв дайчлах, менежмент төлөвлөлтийг хэрхэн хийх талаар мэдлэг, мэдээлэл олгож байгаар онцлогтой.
Мэргэжилтнүүд 4 өдрийн турш үргэлжлэг сургалтанд хамрагдсанаар цаашид гарч болох халдварт өвчний дэгдэлтийн зүй тогтлыг тооцоолох чадах ур чадварыг суралцаж байна.
Ингэснээр нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанд суурилсан урьдчилан тооцоолол, таамаглал гаргах нь нотолгоонд суурилсан шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж, оновчтой хариу арга хэмжээг төлөвлөх, нөөцийг зөв хувиарлах, эдийн засаг цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой.
Сургалтын дараа бид шинжлэх ухаанд суурилсан халдварт өвчний хэтийн хандлагыг урьдчилан таамаглах чадавхыг бэхжүүлж, дүн шинжилгээ дээр үндэслэн үр дүнтэй хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх боломж бүрдэж, сайжирал гарна гэсэн өндөр үр дүнг хүлээж байна. " гэдгийг онцлов.
Сокорро Эскаланте: Монгол Улс шиг томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр улс оронд
эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолох
аргачлалд суралцах нь чухал
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте "Амьсгалын замын халдварын эмгэг төрөгчдийн тархалтын таамаглал гаргах, урьдчилан сэргийлэх, ялангуяа амьсгалын халдварыг загварчлах, одоо байгаа мэдээлэл дээрээ тулгуурлаад тооцоолох нь чухал байдаг. Тиймээс энэхүү сургалт нь эрүүл мэндийн мэргэжилтнүүд тодорхой загварчлах, урьдчилан тооцоолол хийх чиглэлээр чадавхтай болоход чиглэж байна.
Хэрэв үндэсний чадавхтай баг бүрдэж, ялангуяа Монгол Улс шиг томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр улс оронд энэ аргачлалыг сурч, мэдлэгтэй болох нь чухал. Урьдчилаад томуу, томуу төст өвчний талаар ямар бодлого, стратеги баримталж, ямар төлөвлөлт, шийдвэр гаргах бэ гэдэг дээр нотолгоонд суурилсан мэдээлэл өгөх ач холбогдолтой юм " гэв.









