Б.Номин-Эрдэнэ: Оюутнууд ЭМД-аа төлснөөр эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай авах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчид Монгол Улсын Их Сургуулиас шинээр элсэгч оюутнууддаа зориулсан “Чиглүүлэх 7 хоног” нээлттэй өдөрлөгт оролцож байна.
Энэ үеэр ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ "Их дээд сургуулийн оюутнууд, МСҮТ-ийн суралцагч нар 19 нас хүрсэн өдрөөсөө эхлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцан төлөгч болдог.
Өнөөдөр ЭМДЕГ нь МУИС-иас зохион байгуулж буй “Чиглүүлэх 7 хоног” нээлттэй өдөрлөгт оролцож оюутнуудад эрүүл мэндийн даатгал, даатгалаа хялбараар төлөх, олон төрлийн мэдээлэл авах боломж бүхий EDAATGAL АПП-ыг танилцуулж мэдээлэл өгч ажиллаж байна.
ЭМД-аа бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй 2400 гаруй эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой бөгөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахдаа түргэн шуурхай авах, хоёр жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах, эрүүл мэндийн яаралтай тусламж авахад санхүүгийн хүндрэл үүсэхээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой.
Хөдөө орон нутгийн оюутнууд Улаанбаатар хотод түр оршин сууж буй хаягийн дагуу эмнэлэгт үзүүлж, тусламж үйлчилгээ авах боломжтой болно." гэдгийг энэ үеэр онцоллоо.

Хоёр өдөр МУИС-ийн I байрт үргэлжлэх энэхүү өдөрлөгт оюутан та бүхэн идэвхтэй оролцож, эрүүл мэндийн даатгалтай холбоотой хэрэгцээтэй мэдээллээ аваарай.














