Б.ОНОН : Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ.
Энэ удаагийн мэс заслыг тус эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон удирдан хийсэн бөгөөд БНСУ-ын Самсунг эмнэлгийн баг зөвлөн ажилласан байна.
Энэ талаар УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон "УХТЭ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмнэлэгтээ эхлүүлээд дөрөв дэх мэс заслаа хийлээ. Энэ онд таван элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр төлөвлөсөн. Донорын аюулгүй байдал, сэтгэл ханамж, үүсч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсад хэрэглэдэг донорын элэг тайрах мэс заслыг 3D дурангийн аргаар хийж байна. Цаашид ч бид 3D дурангийн аргаар хийх зарчмыг баримтлан ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй болсон.
Ингэснээр элэг шилжүүлэн суулгах мэс засал хөгжихөд маш том дэмжлэг болсон. Бидний хувьд эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх, чадавхжуулах зорилгоор УНТЭ, ХСҮТ-ийн хамт олонтойгоо тасралтгүй ажилласан. Үүнээс гадна дурангийн мэс заслыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтран ажиллаж, эмч нараа сургах, Монголдоо сургалтаа авах ажлыг эрчимтэй хийж байгаа." гэдгийг энэ үеэр онцоллоо.









