“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-өөр УНТЭ-ийн үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажилласан ажилтнуудыг шагнаж урамшууллаа
Жил бүрийн 08 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эрүүл мэндийн ажилтны өдөр” болгон тэмдэглэж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа албан хаагчдаа алдаршуулдаг уламжлалтай.
Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын дэмжих сар “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийн хүрээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нарын албан хүмүүс УНТЭ-т ажиллаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Мөн энэ үеэр баярын мэндчилгээг тус төвийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дэвшүүлж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй, идэвхи санаачилгатай ажилласан шилдэг ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.
Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ " УНТЭ-ийн хамт олон, багш, эрдэмтэн, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон дэмжих албаны ажилтнууд та бүхэндээ “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-ийн халуун мэндийг хүргэе. Өнөөдрийн баярын үйл ажиллагаанд ЭМЯ-ны төлөөллүүд ирж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийг үнэлж байгаад баяртай байна.
УНТЭ-ийнхэн түүх 100 жилийн ойг энэ оны 10 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд гадаад болон дотоод бодлогын хүрээнд олон төсөл хөтөлбөр, шинэ технологи, инновац нэвтрүүлэх ажлуудыг хийж, удахгүй үр дүнгээ танилцуулахаар ажиллаж байна." гэдгийг онцлов.









