Б.Батболд: Гадаадад эмчлүүлэх гэж байсан 2, амбулаториор үйлчлүүлж байсан 2 гээд нийт 4 хүнд титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын мэс заслыг амжилттай хийлээ
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй Титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжийг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ бүрдүүлээд байгаа юм.
Тодруулбал, 2024 оны сүүлээр УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулан Монголд "АНХ УДАА" Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар УХТЭ-ийн эмч нар БНХАУ, БНСУ-ын эмч нартай хамтран нийт 8 тохиолдолд энэ төрлийн мэс заслыг амжилттай хийгээд байна.
Энэ талаар УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн Ангиографийн эмч Б.Батболд "УХТЭ-ийн Ангиографийн тасгийн эмч нар болон бидний өмнө сурч байсан БНСУ-ын Инже Их сургуулийн "Илсан Пиак" эмнэлгийн профессортой хамт дөрвөн тохиолдолд эмчилгээ хийлээ.
Өнөөдөр гадаад явж эмчлүүлэхээр бэлдэж байсан 2 хүн, амбулаториор үйлчлүүлж байсан 2 хүн гээд нийт дөрвөн хүнд мэс засал эмчилгээ амжилттай хийгдээд байна.
Энэ төрлийн эмчилгээний тогтоосон үнэ тариф байхгүй ч гадны улсуудад дунджаар 50-100 саяар хийгддэг.
УХТЭ-ийн хувьд жилдээ 800-900 хүнд судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийгддэг. Үүний 10-20 хувь нь зайлшгүй гадаад явж нарийн технологи ашиглан эмчлүүлэх шаардлагатай байсан бол өнөөдөр эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэж байна." гэдгийг онцлов.









