УХТЭ зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслыг Монголдоо эмчлэх боломжийг бүрдүүлж, 8 дахь мэс заслыг амжилттай хийлээ

2025 оны 8 сарын 04

Arslan.mn

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй Титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх боломжийг Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ бүрдүүлээд байгаа юм.

Тодруулбал, 2024 оны сүүлээр УХТЭ-ийн Зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулан Монголд "АНХ УДАА" Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг амжилттай нэвтрүүлсэн.

Тэгвэл  өнөөдрийн байдлаар УХТЭ-ийн эмч нар БНХАУ, БНСУ-ын эмч нартай хамтран нийт 8 тохиолдолд энэ төрлийн мэс заслыг амжилттай хийжээ.

"УХТЭ Зүрх судасны архаг бөглөрлийг арилгах шинэ технологийг  нэвтрүүлэн ажиллаж байна"

Arslan.mn

Энэ талаар УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр " Эрүүл мэндийн яамны бодлогоор Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийн нэг болох титэм судасны хүнд зэргийн нарийслыг Монголдоо эмчлэх, гадаад улс руу явах  эмчилгээний  урсгалыг багасгах ажлыг хүрээнд эмч, эмнэлгийн ажилчдыг багаар нь бэлдэж, шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтууд хийгдэж, суурилуулсан.

Үүний үр дүнд гадаад улсад эмчлэгдэж байгаа өвчний нэг болох  Зүрх судасны архаг бөглөрлийг арилгах шинэ технологийг УХТЭ нэвтрүүлэн ажиллаж байна.

УХТЭ-ийн хувьд 2025 онд БНХАУ-ын эмч нартай хамтран 4 тохиолдолд мэс засал хийсэн бол өнөөдөр БНСУ-ын эмч нартай хамтран дахин 4 тохиолдолд нийт 8 тохиолдолд судсан доторх мэс заслыг хийгээд байна.

Ингэснээр заавал гадагшаа явж эмчлүүлэх заалттай иргэдийг эх орондоо эмчилж, гадаад руу урсаж буй эмчилгээний зардлаас багасгах боломж бүрдэж байна.

Шинэ технологи нэвтрүүлэгтэй холбоотойгоор бөглөрлийн өмнөх даралтыг болон бөглөрөл гарсны дараах даралтыг хэмждэг шинэ төхөөрөмжийг бэлэглэсэн "Санчир-Ундрах" ХХК-д УХТЭ-ийн хамт олны зүгээс талархал илэрхийлье." гэв.

Arslan.mn

БНСУ-ын Инже Их сургуулийн "Илсан Пиак" эмнэлгийн мэс заслын эмч, профессор Joon Hyung Doh "УХТЭ-ийн эмч нарын багт Титэм судсан дотуурх эмчилгээний ажилбарт зөвлөн, тусалсандаа маш их баяртай байна. Бид өнөөдөр УХТЭ-т титэм судсан дотуурх эмчилгээг хэд хэдэн тохиолдолд хамтран амжилттай хийлээ.

Өвчтөнүүдийг титэм судасны хүнд зэргийн нарийслыг NIRS+IVUS титэм судсан дотуурх хэт авиан шинжилгээгээр үнэлэн, эмч нар өндөр эрсдэлтэй титэм судасны нарийсалд 2 стент тавин титэм судасны урсгалыг амжилттай сэргээлээ. Ингэснээр өвчтөний амьдралын чанар сайжирна гэдэгт итгэлтэй байна.

Титэм судасны дотуурх эмчилгээг Монголд амжилттай нэвтрүүлсэн УХТЭ-ийн баг хамт олонд нь баяр хүргэмээр байна" гэв.

Arslan.mn

УХТЭ-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир "Энэ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт технолог, зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээг УХТЭ-т нэвтрүүлснээр, энэ төрлийн өвчний хүндрэл болон нас баралтыг бууруулах боломж бүрдэж байна. Мөн Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах боломж бүрдэх вм.  Түүнчлэн зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжийг нээж, Монгол улсын анагаах ухааны салбарын хөгжилд шинэ инноваци эхлүүлж байна. "  гэв.   

Гадаад явж эмчлүүлэхээр бэлдэж байсан хоёр хүн, амбулаториор үйлчлүүлж байсан хоёр гээд нийт 4 хүнд титэм судасны хүнд хэлбэрийн  нарийслын мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ"

Arslan.mn

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн Ангиографийн эмч Б.Батболд "УХТЭ-ийн Ангиографийн тасгийн эмч нар болон бидний өмнө сурч байсан БНСУ-ын Инже Их сургуулийн "Илсан Пиак" эмнэлгийн профессортой хамт дөрвөн тохиолдолд эмчилгээ хийлээ.

Өнөөдөр гадаад явж эмчлүүлэхээр бэлдэж байсан 2 хүн, амбулаториор үйлчлүүлж байсан 2 хүн гээд нийт дөрвөн хүнд мэс засал эмчилгээ амжилттай хийгдээд байна.

Энэ төрлийн эмчилгээний тогтоосон үнэ тариф байхгүй ч гадны улсуудад дунджаар 50-100 саяар хийгддэг.

УХТЭ-ийн хувьд жилдээ 800-900 хүнд судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийгддэг. Үүний 10-20 хувь нь зайлшгүй гадаад явж нарийн технологи ашиглан эмчлүүлэх шаардлагатай байсан бол өнөөдөр эх орондоо эмчлүүлэх боломж бүрдэж байна." гэдгийг онцлов.

Arslan.mn                                       

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664676
1 эможи

Зочин
2025-08-04 12:54
Эруул мэнд, боловсролоо л онцгойлон дэмжих учиртай!
keyboard_arrow_up