УНТЭ: Дэлхийн эрдэмтэд Монголд цуглаж, “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ”-ний талаар хэлэлцэж байна
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тус ойгоо угтан УНТЭ-ээс олон арга хэмжээ, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа.
Тэгвэл энэ хүрээнд УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах баг, Дэлхийн чөмөг шилжүүлэн суулгах холбоо, Ази, номхон далайн чөмөг шилжүүлэн суулгах холбоо зэрэг 20 гаруй орны 50 гаруй эрдэмтэд өнөөдөр Монгол Улсад цуглаж, “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ”-ний талаар хэлэлцэж, чуулж байна.
Хурал зохион байгуулагдсанаар Монгол Улсын төдийгүй хуралд оролцсон бусад хөгжиж буй орнуудын цус судлалын салбар тэр дундаа донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулах мөн хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийх боломжийг бий болгох ба гадаад улсруу чиглэсэн мөнгөн урсгалыг бууруулах, ард иргэдэд анагаах ухааны дэвшилтэт технологийг хүртээмжтэй болгох зэрэг ач холбогдолтой.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
ЭМЯ-ны гол бодлого нь иргэдэд санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх юм. Үүнээс гадна дэлхийн анагаах ухааны хамгийн төгс, төгөлдөр эмчилгээг улсдаа нэвтрүүлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүд маань цаг тутамд хичээн ажиллаж байна. Үүний нэг том жишээ болох баг бол УНТЭ-ийн -Үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах багийн хамт олон юм. 2011 оноос төслөө эхлүүлж байсан тус хамт олон өнөөдөр 37 иргэнд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.
Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтанд Донороос реципиентэнд ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ багтсан байгаа нь цаашид Донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулахад уг сургалт нь үнэтэй хувь нэмэр оруулна.
Тус багийн хамт олон өнөөдөр Монгол Улсад том хэмжээний хурлыг зохион байгуулж, энэ чиглэлээр манлайлан ажилладаг эрдэмтэн мэргэд, профессоруудыг нэгэн дээвэр дор цуглуулж чаджээ. Энэ бол тухайн баг ямар хүчтэй байгааг харуулж байгаа хэрэг юм. Энэ дэлхийн хэмжээний эмчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлсэн багийнхаа хамт олонд талархал илэрхийлье.
УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэр:
Донороос цусны үүдэл эс шилжүүлсэн суулгах эмчилгээ, хүндрэлийн менежмент, оношилгооны мэргэжлийн арга зүйгээр хангах зорилготой олон улсын хурал өнөөдөр болж байна. Цусны үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийн 97 орон эмчилгээ, үйлчилгээндээ нутагшуулсан. Үүний нэг нь Монгол Улс юм.
Бид өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах, донороос үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол Улсдаа нутагшуулаад өнөөдрийн байдлаар 37 иргэнд энэ төрлийн эмчилгээг хийгээд байна.
Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон улсын энэ том хурлыг эх орондоо зохион байгуулах, эрдэмтэн мэргэдээс номын дуу сонсохын тулд Дэлхийн чөмөг шилжүүлэн суулгах холбоо, Ази, номхон далайн чөмөг шилжүүлэн суулгах холбоо, Еюропын чөмөг шилжүүлэн суулгах холбоодтой 50 орчим удаа цахим хурлыг зохион байгуулж, өнөөдөр ийнхүү эх орондоо зохион байгуулж байна.
Энэ онд бид хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлэх зорилгоор бэлтгэл ажлаа эхлүүлж, эмч, мэргэжилтнүүдээ Турк улсад сургалтад хамруулж байна.
Ази, номхон далайн чөмөг шилжүүлэн суулгах холбооны гишүүн Yoshihisha Koder
Миний бие Ази, номхон далайн чөмөг шилжүүлэн суулгах холбооны гишүүний хувьд өнөөдрийн хуралд оролцож байна. Монгол Улсад зохион байгуулагдаж буй ес дэх удаагийн олон улсын хуралд оролцож байгаадаа баяртай байна.
Япон улсад өмнө нь тус эмчилгээг “Ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ” гэж нэрлэдэг байсан бол одоо “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ” хэмээн ярьдаг болсон. Энэ эмчилгээг нэвтрүүлээд маш удаж байна. Эмч, мэргэжилтнүүд ч их туршлагатай. Монгол Улсын хувьд энэ эмчилгээ нэвтрээд явж байна. Бидний зүгээс харж байхад цусны үүдэл эсний банк, ясны үүдэл эсний банк, хүйн цусны банк буюу энэ эмчилгээнд ашиглагддаг донорын эсийн банкыг байгуулах зайлшгүй шаардлагатай байна. Манай улсад өмнө нь донор болохын тулд заавал тухайн хүний хамаатан, ах дүү, аав ээж нь байх ёстой байдаг байсан бол энэхүү банкийг байгуулснаар цусан төрлийн донор олдохгүй өвчтөнүүдэд энэхүү эмчилгээг хийх бүрэн боломжтой болсон.
Японд “Эсийг шилжүүлэн суулгах хууль” 10 жилийн өмнө батлагдсан. Энэ хууль нь донорыг болон өвчтөнийг хамгаалахын тулд хийгдсэн.
УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах, Эс эмчилгээний хэсэг хариуцсан эмч Б.Хишигжаргал:
Тив тивийн мэргэжлийн холбоодыг багтаасан Дэлхийн чөмөг шилжүүлэн суулгах холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг бөгөөд энэ жил Монгол Улсад зохион байгуулж байна. Энэ жил УНТЭ-ийн түүхт 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойн хүрээнд олон улсын хурлыг бид эх орондоо зохион байгуулж чадлаа.
Манай баг Монгол Улсад үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг 2011 онд эхлүүлж, эхний эмчилгээг 2014 онд хийж байсан. Үүнээс хойш дандаа цусны хавдар оноштой 37 өвчтөнд энэ төрлийн эмчилгээг хийсэн. Бид жил ирэх тусам л улам туршлагажиж, эмчилгээний чанар сайжирч байна.
Өнөөдөр чуулганд оролцож буй эрдэмтдээс монголын эмч, мэргэжилтнүүд маш их зүйлийг суралцах боломжтой. Үүнээс гадна өөрийн орны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгэх, цаашид юунд анхаарах, хэрхэн зөв замаар, бага зардлаар хөгжүүлэх вэ гэдгийг тодорхой болгоно.
2026-2027 онд УНТЭ-ийн хажууд Эд, Эс, Эрхтэн шилжүүлэн суулгах төв ашиглалтад орно. Ингэснээр бид төвийн хамгийн дээд давхарт тусдаа зургаан ор бүхий ариутгасан тасагтай болж, эмчилгээ, үйлчилгээгээ өргөн хүрээнд үзүүлэх боломж бүрдэнэ.
Дээрх хурлыг хоёр жил тутам хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх, аргазүйгээр хангах зорилгоор зохион байгуулдаг ба өмнө нь Виетнам, Бразил, Өмнөд Африк, Сауди-Араб, Хятад, Морокко, Парагвай болон Пакистан зэрэг орнуудад амжилттай зохион байгуулсан аж.
Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн судалгаануудын үр дүнд цусны эмгэгийн тохиолдол жил бүр өсөх хандлагатай байгаа нь цусны үүдэл эсийн эмчилгээ шаардлага хэрэгцээг нэмэгдүүлж байна.
ШУУД ҮЗЭХ:









