Хоёрдугаар эмнэлэг резидент эмч нарын дунд “Судлаач резидент 2025“ эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа
Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн сургалтад хамрагдаж байгаа нийт резидент эмч нарынхаа дунд "Судлаач резидент 2025" эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2025.06.25/ амжилттай зохион байгууллаа.
Уг эрдэм шинжилгээний бага хурлыг төгсөлтийн дараах сургалтад хамрагдаж буй резидент эмч нарынхаа эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох, залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай.
Сургалтын талаар УХТЭ-ийн Сургалт хариуцсан мэргэжилтэн, АУ-ны магистр Г.Мөнхтуул "УХТЭ мэргэжил дээшлүүлэх найман чиглэлээр 200 гаруй эмч нарын бааз эмнэлэг болж сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Энэ удаа төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн сургалтад хамрагдаж буй резидент эмч нарын дунд "Эрдэм шинжилгээний бага хурал"-ыг амжилттай зохион байгуулж байна. Эмч хүн өөрөө судлаач байх ёстой. Судалгаа хийж байж нотолгоонд суурилсан эмчилгээ, үйлчилгээг үйлчлүүлэгчдэд үзүүлж чадна. Тиймээс манай эмнэлэг резидент эмч нарын судалгааны ажлыг дэмжиж ажилладаг.
УХТЭ нь төгсөлтийн дараах үйл ажиллагааг үндсэн, төрөлжсөн, дээшлүүлэх чиглэлээр явуулдаг бөгөөд үндсэн мэргэжлийн 6 чиглэл, дээшлүүлэхийн 8 чиглэлээр явуулж байна" гэдгийг онцлов.
Резидент эмч нар эмнэлзүйн судалгаа болон ховор тохиолдлын илтгэлүүд хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулан, шагнаж урамшуулав.
Шилдэг илтгэлүүд:
- Тэргүүн байр: Дүрс оношилгоо судлалын резидент эмч Б.Ууганбаяр
- Дэд байр: Дүрс оношилгоо судлалын резидент эмч М.Батцэцэг
- Гутгаар байр: Мэс засал судлалын резидент эмч Б.Батхишиг нар шилдгээр тодорлоо.









