Л.ОД-ЭРДЭНЭ: УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийнхан “амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс засал“-ын хүлээгдлийг багасгасан
УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөрний их эмч, АУ доктор Л.Од-Эрдэнэтэй ярилцлаа.
-Ямар шалтгаанаас үүдэж бөөрний дутагдал бий болдог вэ?
Сүүлийн жилүүдэд бөөрний дутагдалд орж байгаа шалтгаан их олон болсон. Өмнө нь бөөрний эмгэг л байсан бол сүүлийн үед бодисын солилцооны эмгэгүүд, удамшлын өвчин, эмийн гэх мэт маш олон шалтгаанаар бөөрний дутагдал нэмэгдэх болсон. Өнөөдрийн байдлаар энэ өвчнөөр жилдээ 200 орчим иргэн шинээр оношлогдож байна.
Бөөрний архаг дутагдалын эцсийн шатанд орсон тохиолдолд бусад эрхтэнүүдийг бодвол дараах гурван төрлийн эмчилгээнээс сонгож хийлгэдэг. Үүнд:
- Гемодиализ
- Хэвлийн диализ
- Бөөр шилжүүлэн суулгах гэсэн эмчилгээнүүд байдаг. Эдгээр эмчилгээнээс өвчтөндөө хүндрэл багатай, үр дүн сайтай, амьдралын чанар сайжруулах эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ юм.
-УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийнхан өнгөрсөн хугацаанд хичнээн иргэдэд бөөр шилжүүлсэн суулгах эмчилгээг хийгээд байна вэ?
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон өнгөрсөн хугацаанд 400 гаруй өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна. Үүнийгээ дагаад бид маш олон дэвшилтэт технологийг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Үүнд:
- Элэгний вирустэй өвчтөнд
- Эсрэг бие өндөртэй өвчтөнд
- Цусны бүлэг ондоотой өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлж, өнөөдөр өдөр тутам хийгддэг эмчилгээ болтлоо нутагшаад байна.
Бөөр шилжүүлэн суулгуулсан өвчтөний амьдралын чанар эрс сайжирдаг. Тухайн иргэн хүүхэд төрүүлэх, ажил эрхлэх гэх мэт эрүүл хүн шиг амьдрах боломжтой болдог.
Гэтэл диализийн эмчилгээ хийлгэж буй өвчтөн хүүхэд төрүүлэх боломжгүй. Долоо хоногт дор хаяж 2-3 удаа эмнэлэгт эмчилгээг олон цагаар хийлгэдэг тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг.
Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон мэс заслын тоогоо нэмэгдүүлж, амьд донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дараалал харьцангуй буурсан. Хуулийн хүрээнд бичиг баримт, шинжилгээ бүрэн тохиолдолд мэс заслын хүлээгдэл буураад байна.
Харин тархины үхэлтэй донор хүлээж буй олон өвчтөн диализийн эмчилгээнд хамрагдаад л явж байна. Энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байна.
-Донорын тухайд асуудал их яригддаг. Ах, дүү хамаатан садан олонтой иргэд бол амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгуулчихдаг. Гэтэл тархины үхэлтэй донор хүлээж буй маш олон бөөрний дутагдалтай өвчтөн бий. Энэ талаар.
Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд хэд хэдэн асуудал тулгардаг. Үүнд донорын асуудал нэгдүгээрт тавигдана. Монгол Улсын хувьд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэсэн өвчтөнүүдийн 90 орчим хувь нь амьд донороос бөөр шилжүүлсэн суулгуулсан байна.
Дэлхийн орнуудад тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг зорилгоо болгон ажиллаж байна. Харин Ази тивийн хувьд амьдралын хэв маяг, шашны зан үйлтэй холбоотойгоор тархины үхэлтэй донорын олдоц ховор. Монгол Улсад ч мөн адил. 2023 онд үүссэн хэргээс хойш тархины үхэлтэй донор нэг ч гарч ирээгүй гэж хэлж болно.
Амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгахад тухайн донор болж буй хүнд тодорхой хэмжээний эрсдэл бий болдог. Харин тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгуулсан тохиолдолд энэ эрсдэл үүсэхгүй.
-Бөөрний дутагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Бөөрний дутагдлаас урьдчилан сэргийлэх боломжтой. Сүүлийн жилүүдэд чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний дутагдалд орох тохиолдол маш их болсон. Тиймээс эрүүл мэндийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүх салбарынхан хоорондоо сайн зөвлөлдөж, энэ төрлийн өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг тогтмол өгдөг байх нь чухал.
Амьдралын буруу хэв маягаас үүдэж чихрийн шижингээр өвдөх тохиолдол их байна. Жингийн илүүдэл, тамхи гэх мэт хорт зуршлаас салж, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох хэрэгтэй. Ингэснээр чихрийн шижингээс үүдэлтэй бөөрний дутагдлаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.









