Б.Батболд: Хоёрдугаар эмнэлэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад орууллаа
“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд УХТЭ-ийн эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотод суралцаад иржээ.
Ингэснээр титэм судасны дисплази эмчилгээг ОУ-ын стандартын дагуу хийж Монголд эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад руу явах урсгалыг багасгах юм.
Энэ талаар УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн ангиографийн эмч Б.Батболдоос тодрууллаа.
Тэрбээр, "Эрүүл мэндийн яам, УХТЭ-ийн зүрх судас судлалын тасгийн шигдээсний нэгж хамтран дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн IVUS+NIRS дүрс оношилгооны төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад орууллаа.
Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Титэм судасны дисплази эмчилгээг ОУ-ын стандартын дагуу хийж гүйцэтгэх, хүндрэл болон нас баралтыг бууруулах, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах ач холбогдолтой юм.
Мөн зүрхний судасны дотуурх мэс заслын (PCI) эмчилгээг нотолгоонд суурилан илүү нарийвчлалтай гүйцэтгэх боломжийг нээж, салбарын хөгжилд шинэ хуудсыг эхлүүлж байна." гэв.









