УНТЭ-ийн сувилагч нарыг Тайвань Улсын Тэйпэй их сургуульд суралцах боломжийг бүрдүүлнэ
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гадны улс оронд эмч, мэргэжилтнүүдээ сургах ажлыг тогтмол зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр энэ ажлын нэг болох Тайван Улсын Тайпэйн Үндэсний Сувилахуйн болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран ажиллах талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, Тайван Улсын Тайпэйн Үндэсний Сувилахуйн болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Ерөнхийлөгч Wu Shu Fang, УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал болон бусад төлөөлөгч, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн түүхт 100 жилийн ой энэ оны 10 дугаар сард тохионо. Тус ойгоо угтаж бид эмнэлгийн үйлчилгээндээ шинэ технологиудыг нутагшуулах зорилт тавин ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, сувилагч нарынхаа ур чадварыг сайжруулах зорилгоор гадна, дотны эмнэлэг, их сургуулиудтай хамтран ажиллаж байна. Үүний нэг бол өнөөдөр бид Тайван Улсын Тайпэйн Үндэсний Сувилахуйн болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуультай хамтран ажиллахаар болж, эхний уулзалтаа зохион байгууллаа.
УНТЭ-ийн Сувилахуйн албаны баг хамт олон маань лавлагаа шатлалын болон хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэдэг учраас эмч, сувилагч нарт ахьсан шатны сургалт зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс бид гадна, дотны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр анхааран ажилладаг. УНТЭ нь Хонгконг, Сингапур, АНУ, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнуудад итгэмжлэгдсэн боловсролын өндөр түвшний сургуультай хамтран ажиллах болсондоо баяртай байна.
Тайван Улсын Тайпэйн Үндэсний Сувилахуйн болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Ерөнхийлөгч Wu Shu Fang:
Өнөөдөр бид УНТЭ-тэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Тус эмнэлэг нь 100 жилийн түүхтэй бол манай сургууль 75 жилийн түүхтэй. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн үйл ажиллагаа, үйлчилгээ, сувилахуйн албаны үйл ажиллагаа, хамрах хүрээг харж байгаад хамгийн эхэнд УНТЭ-ийг сонгож, санал тавихад маш найрсгаар хүлээн авсан.
Бид ирээдүйд сувилагч, эмнэлгийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг сургах, дадлага зохион байгуулах, магистр, докторын түвшинд сургах, сувилагч солилцох болон богино, урт хугацааны сургалтыг зохион байгуулна.
УНТЭ-ийн хамт олон биднийг халуун дотноор хүлээн авч, Сувилахуйн албаны үйл ажиллагаагаа танилцууллаа. Мэргэжлийн гэдэг үгийг би дахин дахин хэлмээр байна.
Монгол Улсад анх удаа ирж байна. Гайхалтай байгалтай, гайхалтай хот байна. Монголчууд биднийг халуун дотноор хүлээн авч байгаад баярлаж байна.
Ташрамд дурдахад УНТЭ нь Тайвань Улстай 2018 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд Тайваний Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлэгт уушги, харшил, зүрх судасны мэс засал, ходоод гэдэсний дурангийн эмчилгээний чиглэлээр эмч, сувилагч, техникч, инженер зэрэг 20 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг сургажээ.









