Э.Анхбаяр: Улаанбурханаар Эрчимт эмчилгээний тасагт 10 хүүхэд эмчлүүлж байгаагаас маш хүнд 3 хүүхэд байгаа
ХӨСҮТ-өөс өнөөдөр улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "Энэ оны хоёрдугаар сарын 18-наас хойш 2,928 Улаанбурхан өвчний тохиолдол батлагдсан байна.
Үүнээс өнөөдрийн байдлаар 450 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас ХӨСҮТ-д 340 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Эрчимт эмчилгээний тасагт 10 хүүхэд эмчлүүлж байгаагаас маш хүнд 3 хүүхэд байгаа.
Мөн өчигдөр шөнө Чингэлтэй дүүргээс дөрвөн настай хүүхдэд Менингитийн сэжигтэй тохиолдол батлагдаж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Бага насны хүүхдэд товлолын дагуу вакциныг нь хийлгүүлэх нь чухал." гэв.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма " Вакцинаасаа хоцорсон бол Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 15 хүртэлх насанд нь нөхөн дархлаажуулалтад сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр үнэ төлбөргүй, харьяалал хамаарахгүй хамрагдаарай.
Зуны амралт эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн зусланд улаанбурханы өвчлөл гарах эрсдэлтэй байгаа учир улаанбурхан өвчний вакциндаа хамрагдаагүй хүүхдийг зусланд авахгүй байх, агааржуулалт, сэлгэлтийг сайн хийж байхыг хүүхдийн зуслангуудад ХӨСҮТ-өөс зөвлөж байна." гэв.
Вакцины эсрэг сурталчилгаа бол худлаа гэдгийг ХӨСҮТ-ээс анхааруулж таны хүүхэд вакциндаа хамрагдвал улаанбурханы халдвараас 85-95 хувь хамгаалах чадвартай болно. Өвдсөн ч хөнгөн хэлбэрээр өвдөнө гэв.









