С.Энхболд: Эмийн үнийг хөнгөлөхөд 1.6 тэрбум төгрөг зарцуулаад байна
Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж ямар замаар иргэдийн гарт хүрч буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга С.Энхболд ЭМД-аар нэг эх үүсвэрийн эмийг хэрхэн авах талаарх мэдээллийг танилцууллаа.
ЭМДЕГ-ын дарга С.Энхболд "ЭМДЕГ нь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, засгийн газар эрүүл мэндийн яаманд шууд харьяалагдаж, бодлого чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Нөгөө талаасаа УИХ-ын дэргэд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байдаг. ЭМДЕГ-ын нь эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлдэг.
ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг.
Энэ жил Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмэнд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг.
ЭМДС-гаас өнөөдрийн байдлаар 2 удаагийн санхүүжилтээр 1.6 тэрбум төгрөг гаргасан. 2024 оны 12-р сард 1.2 тэрбум, 2025 оны 4 сарын эхээр үлдэгдэл төсөв гарсан.” гэсэн юм.









