С.Энхболд: ЭМД-ийн сан хоосроогүй, Ж.Чинбүрэн гишүүний хэлсэнчлэн даатгалын сангийн 9,3 тэрбум төгрөгөөр эм худалдаж аваагүй
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдоос зарим асуудлын талаар тайлбар авлаа.
Тэрээр "Эрүүл мэндийн даатгалын сан хоосроогүй. Эрүүл мэндийн багц хуулинд нэмэлт өөрчлөлт орж, 2020 онд гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн. Энэ онд ЭМДС төсөв 2,1 их наяд төгрөгөөр батлагдсан. Өөрөөр хэлбэл даатгалын сан хоёр дахин нэмэгдсэн. Үүнийгээ дагаад ЭМ-ийн байгууллагуудын санхүүжилт 2 дахин нэмэгдэхээс гадна ажилчдын цалин нэмэгдсэн. Гүйцэтгэлийн санхүүжилтэд сайн тал бий ч дутагдалтай тал бас байгаа. Бид үүн дээр нь зохицуулалт хийгээд явж байна.
2022 онд ЭМДС-д нэг эрсдэл үүссэн нь өнгөрсөн жилүүдэд 316 тэрбум төгрөгийн өр үүссэн байсан. Үүнийг бид барагдуулахгүй бол эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдох эрсдэл үүссэн. Тиймээс энэ өрийг яаралтай барагдуулах шаардлага тулгарч, энэ оны эхний улиралд дээрх 316 тэрбум төгрөгийн өрийг дарж барагдуулсан. Тэгэхээр өнгөрсөн жилийн төсөвтэй адил төсөв үлдэж, энэ төсвийн хүрээндээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ үзүүлэх шаардлагатай болсон.
Монгол Улсын хэмжээнд анхан шатны тусламж, үйлчилгээ явуулдаг 555 байгууллага, лавлагаа шатлалын 321 байгууллага, 1470 эмийн сан ЭМДС-аас санхүүждэг.
Даатгалын сангийн төсөв хязгаартай, гэтэл иргэдэд үзүүлэх үйлчилгээ хязгааргүй. Тиймээс нэн шаардлагатай тусламж, үйлчилгээндээ төсвийг зарцуулах зохицуулалтыг хийж ажиллахаар болсон.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хийсэн мэдэгдлийг харсан. Гишүүний хэлсэнчлэн 9,3 тэрбум төгрөгийн санхүүжилт БНСУ-ын хувийн компанируу гараагүй гэдгийг хэлмээр байна.
Засгийн газраас гаргасан журмын хүрээнд ЭМДЕГ нь 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Үүний 1,2 тэрбум төгрөгийг 2024 оны 12 дугаар сард гаргасан бол 600 гаруй сая төгрөгийг энэ оны 03 дугаар сард гаргасан. Өнөөдөр ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан бүх эмийн сангуудаар 50-70 хувийн хөнгөлөлттэйгээр эмээ худалдаж авч байна. Манай байгууллага нь хэрэгжүүлэгч байгууллага учраас бусад нарийн зүйлийг мэдэхгүй байна.
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газрын тэргүүнүүд уулзалдаж эмийн нийлүүлэлт, боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар санал солилцож, ажил хэрэг болгох тал дээр гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажил гэж харж байгаа." хэмээлээ.









