Н.Баасанжав: Элэгний хорт хавдар үүсгэж буй үндсэн шалтгаан нь элэгний В, С, Д вирус
Элэгний хавдрын үед хийгдэх эмчилгээний талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографийн тасгийн эрхлэгч Н.Баасанжав эмч дараах зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тэрбээр "Элэгний хорт хавдар үүсгэж буй үндсэн шалтгаан нь элэгний В, С, Д вирус. Үүн дээр амьдралын хэв маяг, архи, тамхины хэрэглээ, таргалалт, буруу хооллолт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Ангиографийн эмчилгээ нь элэгний хавдрыг мэс засалгүйгээр эмчлэх боломж олгодог орчин үеийн арга юм. Энэ аргаар хавдрыг тэжээж буй судсыг нарийн оношлон, тусгай төхөөрөмж ашиглан хавдрын эдийг өндөр температур радио долгион ашиглан "түлэх", эсвэл эмийн бодис болон бичил бөмбөлөгөөр судсыг "бөглөх" замаар хавдрын өсөлтийг зогсоох арга хэмжээ авдаг. Энэ эмчилгээний хэлбэр нь өвчтөнд бага зовуурьтай, хурдан эдгэрэлттэй байдаг.
Элэгний хорт хавдрын эрт үед бөглөх, түлэх эмчилгээ хийдэг. Хавдрыг түлэх хэмжээнээс арай том болсон байвал хавдартай хэсгийг тайрах мэс засал хийнэ.
Элэгний хорт хавдрын үед судсыг бөглөх болон мэс заслын эмчилгээг хавсарч хийх тохиолдол нэмэгдэж байна." гэв.









