Хоёрдугаар эмнэлэг орон нутаг болон дүүргийн мэдрэлийн эмч нарыг ахисан түвшинд ЧАДАВХЖУУЛЖ байна
Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ Монголын Неврологийн Нийгэмлэгтэй хамтран "Тархины судасны хэт авиан шинжилгээ" онол, дадлага хосолсон сургалт өнөөдөр эхэллээ.
Тус сургалт нь нийт 3 хоног үргэлжлэх бөгөөд нийслэл, дүүрэг, 21 аймгийн тархины судасны хэт авиан оношилгоо мэргэжлээр мэргэшсэн мэдрэлийн 50 гаруй эмч нар хамрагдаж байгаагаар онцлогтой болж байна.
"Мэдрэлийн эмч болгон хэт авианы шинжилгээг хийдэг чадвартай байх ёстой. Ингэснээр тархины харвалт болон судасны олон эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжтой"
Сургалтын талаар УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх эмч П.Дуламрагчаа “УХТЭ-ээс энэ жил нийслэл, дүүрэг, орон нутгийн эмч нарыг чадавхжуулах хэд хэдэн сургалтын зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг болох мэдрэлийн эмч нарыг ахисан түвшний “Тархины судасны хэт авиан шинжилгээ, оношилгоо”-ны чиглэлээр чадавхжуулах сургалтад хамруулж байна.
Мэдрэлийн эмч болгон хэт авианы шинжилгээг хийдэг чадвартай байх ёстой. Тиймээс энэ удаагийн сургалтыг хэт авиан оношилгооны чиглэлээр онцлон авч нарийвчлан онол, дадлага хосолсон аргаар явуулж байна. Улсын хэмжээнд дүрс оношилгооны аппаратууд тэр болгон хангалттай байдаггүй. Харин хэт авиан шинжилгээний аппаратаар бүрэн хангагдсан. Тиймээс дүүрэг болон орон нутгийн эмч нарыг чадавхжуулах чухал юм.
Хэт авиан шинжилгээ бол судасны шинжилгээ учир тархины харвалттай салшгүй холбоотой байдаг. Тархины харвалт, судасны эмгэг, гажиг болон харвалт үүсгээд байдаг судасны олон эмгэгүүдийг эрт илрүүлэх, харвалт өгсөн тохиолдолд эмчилгээний аргыг боловсруулах, цаашид давтан харвахгүйгээс урьдчилан сэргийлэх хяналтын арга хэмжээг хэт авиан шинжилгээгээр хянах боломжтой юм.
УХТЭ-ийн хувьд хэт авиан шинжилгээг ЭМД-аар хийж байна. ” гэдгийг онцлов.
"Хэт авиан шинжилгээний аппаратыг оношилгоонд зөв цагт нь зөв хэрэглэж чадах юм бол тархины харвалт, судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж улам нэмэгдсэн"
Монголын Неврологийн Нийгэмлэгийн тэргүүн Ж.Ариунаа " Сүүлийн үеийн оношилгооны арга дотор хэт авиан шинжилгээний ач холбогдол өндөр болж байна. Бүх аймаг, дүүргийн эмнэлгүүд хэт авиан оношилгооны аппаратаар бүрэн хангагдсан. Тиймээс энэ аппаратыг оношилгоонд зөв цагт нь зөв хэрэглэж чадах юм бол тархины харвалт болон судас хатуурах өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж улам нэмэгдэж байна.
Иймд сүүлийн үеийн хэт авиан оношилгоонд нэвтэрч байгаа шинэ аргуудыг дүүрэг, орон нутгийн эмч нарыг хэрэглэхэд ямар хүндрэл бэрхшээл байгааг харилцан ярилцаж, туршлага солилцож, шинэ мэдлэг олж авах боломжийг бүрдүүлж байна." гэв.









