АШУҮИС-ийн 67 дахь удаагийн Эрдмийн чуулган амжилттай болж өндөрлөлөө
“ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” нэгдсэн хуралдаанд зочин илтгэгчээр БНСУ-ын Чуннамын үндэсний их сургуулийн профессор Jun Young Heo "Journey for Parkinson’s Disease Research: Lessons from Mitochondria and Astrocytes" сэдвээр, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтох “Хүний эрүүл мэндэд пестицидийн үзүүлэх нөлөө” сэдвээр, БНСУ-ын Чуннамын үндэсний их сургуулийн профессор Seungwha Paik "Mycobacterial Protein ACPM: Functional Characteristics and Its Role in Immune Evasion” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Нэгдсэн хуралдаанд салбар хуралдаануудаас шалгарсан шилдэг 10 илтгэл хэлэлцэгдэж, шүүгчдийн нийлбэр дүнгээр Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрүүл мэндийн бодлогын тэнхимийн докторант, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Ц.Амаржаргал хэлэлцүүлсэн “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэдийн ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндээс шалтгаалсан амьдралын чанарыг судалсан дүн” илтгэл ТЭРГҮҮН байр, Анагаах ухааны сургууль, Чих хамар хоолой судлалын тэнхимийн багш Анагаах ухааны доктор, дэд профессор Э.ЖАРГАЛХҮҮ хэлэлцүүлсэн “Дунгийн гажиг хөгжил (Мондини хам шинж)-тэй хүнд генийн мутацийг тогтоосон үр дүн” илтгэл ДЭД ТЭРГҮҮН байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.
Энэ удаагийн Эрдмийн чуулганд 700 гаруй шилдэг илтгэл, эмнэлзүйн тохиолдол бүхий “ЭРДМИЙН ЧУУЛГАН-67” илтгэлийн эмхэтгэл, шилдэг эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүдээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан” сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж багш судлаачдын хүртээл болов.
2024 онд Elsevier компанийн "SCOPUS" олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд Хариуцлагатай зохиогч 43 бүтээл, Нэгдүгээр зохиогч 8 бүтээл, Хамтарсан зохиогчоор 99 бүтээл хэвлүүлсэн АШУҮИС-ийн багш, эрдэмтэн, судлаачдад бүтээлийн урамшуулал, батламжийг олгож, импакт фактор өндөр мэргэжлийн 4 сэтгүүлд ХАРИУЦЛАГАТАЙ ЗОХИОГЧООР 4, НЭГДҮГЭЭР ЗОХИОГЧООР 1 нийт 5 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн Анагаах ухааны сургуулийн Дотоод шүүрэл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Б.Оюунтөгс АШУҮИС-ийн 2025 оны шилдэг судлаачаар шалгарлаа.
Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ахисан түвшний судалгааны Анагаах ухааны доктор, дэд профессор А.Отгонбат, Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Ерөөлт, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Гүндэгмаа, Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтох. Инновац, технологи дамжуулах төслөөр Анагаах ухааны доктор, профессор Ж.Мөнхцэцэг, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Энхмаа, Судалгааны хүрээлэн, төв, лабораториудын үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх салбар дундын судалгааны төслөөр Биологийн ухааны доктор Н.Цэвэлмаа, Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам, Анагаах ухааны доктор Ж.Дэлгэрцэцэг нарын төсөл шалгарч, санхүүжилтийг олгож, гэрээ байгуулан өнөөдрөөс ажлаа эхлүүлж байна.
АШУҮИС-ийн захирлын нэрэмжит судалгааны тэтгэлэгт шалгарсан магистрын хөтөлбөрт суралцаж буй 5 магистрантад, докторын хөтөлбөрт суралцаж буй 10 докторантад судалгааны тэтгэлэг олгож, АШУҮИС-ийн докторын дараах судлаачдаар АУ-ны доктор С.Нурбек шалгаран батламжийг гардууллаа.
АШУҮИС-ийн эрдэмтэн багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, судлаачид, оюутан залуус та бүгдэд эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалтын ажлын үр дүнгээр шинэ мэдлэг бий болгох, түгээн дэлгэрүүлэх, практикт нэвтрүүлэх, АШУҮИС-аа олон улсад эрэмбэлүүлэн, судалгааны их сургууль болгон хөгжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.









