Б.Онон: ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН суулгах мэс заслыг амжилттай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн УНТЭ, ХСҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлье
Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв энэ оны гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Элэг шилжүүлэн суулгах" мэс заслыг амжилттай хийлээ. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч дараагийн хяналтанд шилжээд байгаа юм.
Цаашид УХТЭ-т Элэг шилжүүлэн суулгах мэс заслаас гадна Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр бэлтгэж ажлаа үргэлжлүүлж байгаа юм.
Энэ мэс заслын талаар УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын эмч Б.Онон "Улсын Хоёрдугаар төв эмнэлэг анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ удаагийн мэс заслын онцлог нь донорын элгийг Дурангийн мэс заслын аргаар авч шилжүүлэн суулгасан. Энэ нь Монгол улсад гурав дахь тохиолдол болсон. Нээлттэй аргаар мэс засал хийх нь тухайн донорт том шарх үүсэх, эдгэрэх явц удаан байдаг бол дурангийн аргаар элэг шилжүүлэн суулгах нь донорт зовуурь бага, эдгэрэлт хурдан, хөнөөл багатай байдаг. Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгуулах маш олон хүн бий. Тиймээс УХТЭ энэ ачааллыг хуваалцах зорилгоор олон эмчилгээ, үйлчилгээ нэвтрүүлсний нэг нь энэ мэс засал юм.
Бид залуу эмч байх үеэсээ л Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч, багш нараа харж, тэднээс маш их зүйлийг суралцаж ирсэн. Энэ удаагийн мэс заслыг амжилттай хийхэд УНТЭ, ХСҮТ дэмжлэг, эмч нарын зөвлөмж чухал байсан. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг багийн эмч,сувилагч нараас гадна тоног төхөөрөмжийн инженерүүдийг хүртэл сургах бололцоог гаргаж өгсөн. Тэр дундаа донортой хэрхэн харилцах, донорт хэрхэн зөв ойлгуулах тал дээр П.Батчулуун эмч анх мэс засал хийх төлөвлөгөө гарч, төслийн үед явж байхад зааж сургаж байсан.
Тиймээс УНТЭ, ХСҮТ-ийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын багт ажиллаж байгаа эрдэмтэн судлаач, багш нарт УХТЭ-ийн эмч ажилчдын өмнө талархал илэрхийлж байна. Мөн энэ төслийг дэмжиж ирсэн манай эмнэлгийн үе үеийн удирдлагуудад баярлалаа. Та бүхний тусламжтайгаар бид Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг УХТЭ-тээ нэвтрүүлж чадлаа.
Энэ төслийг эхлүүлэх, цаашлаад мэс засал хийхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрдэнэт үйлдвэрийн хамт олон мөн талархал илэрхийлье.
Мөн УХТЭ нь хөгжиж байгаа орнуудын эмнэлгүүдийн үйл ажиллагаа дэмжих олон улсын хөтөлбөр болох БНСУ-ын Канбук Самсунг эмнэлэгтэй хамтарч “KOFIH” төслийг хэрэгжүүлж эхэлснээр сүүлийн 5 жилийн хугацаанд эмнэлэг дээр маш олон шинэчлэлт хийгдсэн. Тус хөрөнгө оруулалтаар бид иргэдэд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилгоор Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд орчин үеийн тоног төхөөрөмжийг эмчилгээ, үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлсэн. Үүний үр дүнд өнөөдөр дурангийн 3D технологи ашиглан эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж чадлаа" гэв.









