Улаанбурханы тохиолдол хоёр аймагт нэмж бүртгэгдэж, нийт таван аймагт голомтлон гараад байна
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 590-д хүрлээ. Үүнээс 471 нь эдгэрч, эмнэлэгт 111, гэрээр найман хүн эмчлүүлж байгаа юм. Өвчлөл дийлэнхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бүртгэгдэж байна. Тодруулбал батлагдсан тохиолдлын 54.9 хувь нь 10-19 насныхан байгаа юм. Иймд сурагчид амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгах зэргээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр зөвлөлөө. Мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдээ улаанбурханы вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан эсэхийг нягтлах шаардлагатай юм.
Уг халдварт өвчин нь Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Төв, Хэнтий аймагт болон Улаанбаатарт хотод бүртгэгдээд байна.









