Г.Үнэнбат: П.Батчулуун эмчийг ялтай хэвээр, өвчний улмаас гэрээр ялыг эдлүүлэх шийдвэр гарч байх шиг байна
Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар ХСҮТ-ийн эмч нар мэдээлэл хийлээ.
ХСҮТ-д 2018 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлснээс хойш долоон жилийн хугацаанд 200 гаруй хүнд энэ мэс заслыг хийжээ. Үүнээс 12 хүнд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгасан байна.
ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Г.Үнэнбат "ХСҮТ нийт 12 тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан байна. Ард иргэдийн дунд буруу ойлголт бий болоод байна. Иргэдээс зөвшөөрөлгүй эд эрхтэн аваад, наймаалдаг мэт ойлголт нийгмийн сүлжээнд тархаад байна. Тархины үхэлтэй өвчтөн гэдэг нь тархи эргэшгүй өөрчлөлтөд ороод, тархи нь зүрх болон амьсгалаас ангидаар үхдэг. Тархи үхэжсэн тохиолдолд хэзээ ч эргэж сэргэдэггүй. Энэ үеэс тархины үхэл тодорхойлох мэргэжлийн баг оношлоод, тархины үхлийг зарладаг.
П.Батчулуун эмчийн асуудлаас хойш тархины үхэлтэй донор олдоогүй, ажил үүргээ биелүүлсэн эмчийн асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй.
Энэ буянтай ажлын хийдэг нэг хүн нь П.Батчулуун эмч. Одоо нийгмийн сүлжээнд нэг хүнийг л буруутгаад байна. Эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа бол багийн ажил байдаг.
П.Батчулуун эмчийг ялтай хэвээр, өвчний улмаас гэрээр ялыг эдлүүлэх шийдвэр гарч байх шиг байна. Хүнд өвчтэй байгаа хүнийг гэрт гаргах гэж байгаа нь сайн хэрэг боловч тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан эмч, мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг буруу болгох нийгэмд харуулах гэж байгаад харамсаж байна.
Нэг амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах ажиллагаа нь ганц П.Батчулуун эмч биш олон эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зэрэг ажилладаг өргөн бүрэлдэхүүнтэй багийн ажиллагаа байдаг. Тэгэхээр Монголд Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах ажиллагаанд оролцож буй эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг бүгдийг нь яллаж байгаатай адилхан харагдаж байна.
Дээд шүүхээр энэ асуудлыг хэлэлцээд, эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны Ёс зүйн салбар зөвлөлөөр хэлэлцүүлэхийг хүсэж байна" гэв.









