Н.Тайван: Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн баг хамт олон БНСУ-ын Самсунг эмнэлгийн багтай хамтран амжилттай хийсэн байна. Ингэснээр Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн 3 дахь төв болоо. Энэ талаар УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Н.Тайванаас тодрууллаа.
УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Н.Тайван " Улсын Хоёрдугаар төв эмнэлэг дээр элэгний хавдрын улмаас элэг тайрах мэс заслууд нээлттэй болон дурангаар хийгдэж байна. Манай эмнэлэгт дурангийн мэс заслууд 2015 оноос эхлээд хийгдэж эхэлсэн. Бид технологийн шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор энэ жилээс эхлээд шинэ технологи ашиглан, мөн 3D технологи ашиглан дурангийн мэс заслуудыг өндөр түвшинд хийж байна.
Хамгийн сүүлд гэхэд бид дурангийн 3D технологи ашиглан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, эмчлүүлэгчээ амжилттай эмнэлгээс гаргалаа.
Дурангийн мэс заслын онцлог нь эмчлүүлэгчийн эдгэрэл хурдан, өөрт илрэх зовиур бага байдаг. Харин дурангийн 3D технологи ашигласнаар мэс заслын эмчийг маш тухтай байдалд байлгах, мэс заслын өндөр үр дүн харуулах боломжтой болсон.
Манай эмнэлэг 2025 оны гуравдугаар сард элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын Самсунг эмнэлэгтэй хамтарч хийсэн. Сүүлийн 2 жилийн турш Самсунг эмнэлэгтэй нягт холбоотой хамтран ажиллаж байна" гэв.









