УНТЭ-ийн “Элэг шилжүүлэн суулгах багийнхан” эмчилгээгээрээ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ байна
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдсан. Анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй.
Тэгвэл тус баг өнгөрсөн нэгдүгээр сард элэг шилжүүлэн суулгах 300 дахь мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гараад байна.
Өвчтөн 44 настай эмэгтэй, элэгний B, D хавсарсан вирусний гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд хүү нь донор болжээ.
Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн:
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлээд 300 дахь тохиолдолд өнөөдөр мэс засал хийж байна. Анх бид энэ эмчилгээг нэвтрүүлэхэд 300 гэдэг тоо бол их л хол санагдаж байсан. Тэгтэл өнөөдөр бид энэ эмчилгээгээрээ дэлхийд тэргүүлэх орны нэгт зүй ёсоор бичигдэж байна.
Өнөөдрийн байдлаар бид 300 гаруй өвчтөний алтан амийг аварч, элэг шилжүүлэн суулгах өндөр технологийг эх орныхоо хөрсөнд бүрэн нутагшууллаа. Иргэндээ ээлтэй байх бүхий л нөхцлийг бүрдүүлэх үүднээс УНТЭ, ЭМЯ, Монгол Улсын Засгийн газар бүгд л ажиллалаа. Ингэсний хүчинд өнөөдөр иргэн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэхдээ тав орчим сая төгрөгийг л өөрөөсөө гаргадаг. Үлдсэн төсвийг ЭМД-ийн сангаас гаргадаг.
Төрийн соёрхолт, УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар:
Элэг шилжүүлэн суулгах мэс заслын мэдээгүйжүүлэг нь маш удаан үргэлжилдэг. Дунджаар 15-20 цаг орчим өвчтөнийг унтуулах, мэс заслын үед гарах хүндрэл, эрсдэлд унтуулгын эмч бэлэн байх ёстой. 10 жилийн хугацаанд элэг шилжүүлэг суулгах баг маань элэг шилжүүлэн суулгах мэс заслыг олон төрлөөр хийлээ. Жишээлбэл, амьд донороос элэг шилжүүлэн суулгах, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах, баруун, зүүн дэлбэнг тайрах, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах, цусны бүлэг ондоо хүнээс хийх зэрэг маш олон төрлийг нутагшуулаад байна. Элэгний хүнд хэлбэрийн циррозтой өвчтөнд мэс засал хийх үед хүндрэл гарах тохиолдол их. Дунджаар 30-50 литр цус, цусан бүтээгдэхүүн сэлбэж, энэ мэс заслын ард гардаг. 100 гаруй литр цус, цусан бүтээгдэхүүн сэлбэсэн тохиолдол гарч байсан. Тухайн хүн өнөөдөр эмч нарынхаа хяналтанд ороод эрүүл саруул явж байгаа.
УНТЭ-ийн “Элэг шилжүүлэн суулгах багийнхан” амьд донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр дэлхийд тэргүүлж байгаа талаар Төрийн соёрхолт, МУ-ын хүний гавьяат эмч Л.Ганболд мэс заслын үеэр дурдаж байлаа.
Элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг.
Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвийн үзүүлэлтэй дүйцэхүйц хэмжээнд хүрчээ. Энэ нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилт юм.









