Хүрээ амаржих газар харьяалал харгалзахгүй 28 хүртэлх хоногтой нярайд үзлэг хийж байна
Хүрээ амаржих газар харьяалал харгалзахгүй 28 хүртэлх хоногтой нярайд үзлэг хийж байна.
Хүрээ амажих газрын нярайн эмч Г.Уринбаяр "Амбулаториороо 0-28 хоногтой нярайд харьяалал харгалзахгүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна. Манайхаар үйлчлүүлж байгаа нярай хүүхдүүдийн ихэнх нь шарлалтай, гэдэс дүүрэлттэй байна.
Нярайн гэдэс дүүрэлт нь хүүхдээ буруу тэвэрч хөхүүлэх буюу буруу байрлалд хөхүүлэх явцад хүүхэд агаар сорж залгих ба энэ нь хүүхдэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс хүүхдээ хөхүүлсний дараа босоо байрлалд хэхэртэл нь тэвэрч, илүүдэл хийг гадагшлуулах хэрэгтэй.
Харин хүүхдийн цусан дахь билирубины хэмжээ ихэссэнээр арьс салст шарлах шинжээр илэрдэг эмгэгийг Нярайн шарлалт гэж нэрлэнэ. Шарлалт нь гүйцэт төрсөн нийт хүүхдүүдийн 60-70 орчим хувьд нь илэрдэг. Толгой, нүүр болон цээж, хэвлий, хөл гээд биеийн дээрээс доош шарладаг. Шарлалт 10-14 хоногийн дотор арилах ёстой байдаг.
Хэрэв 14 хоногоос удаан хугацаанд үргэлжилвэл эмгэг шарлалтанд тооцогддог. Учир нь удаан хугацаанд шарлавал цусан дахь билирубины хэмжээ хэт ихсэж нь хүүхдийн уураг тархийг эргэшгүйгээр гэмтээх аюултай.
Шарлалттай хүүхэд унтаарч сул унжгар болон, хөхөө хөхөхгүй болох, бөөлжих, сэрэхгүй байнга унтах эсвэл байнга чангаар бахирч уйлах шинж илэрвэл ЯАРАЛТАЙ эмчид хандах хэрэгтэй." гэж зөвлөв.









