О.Сэргэлэн : 430 хүн тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад АМЬ ГУЙГААД байж байна
Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МУ-ын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн "Эмч ч гэсэн хүн. Эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн бие өнөөдрийн байдлаар тун муу байгаа. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад эмнэлэгт байхад Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх зогссон.
Сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулж, 10 гаруй минутын дараа сэргэсэн. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхээр шалгагдаж эхэлсний дараа өнгөрсөн 2-р сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа.
Эрхтэн шилжүүлэн суулгах бүх баг тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалттай байдаг. Яг өнөөдрийн жагсаалтад нийт 430 хүн бичигдсэн байгаа. Энэ жагсаалт цусны бүлэг бүлгээрээ өөр байдаг. Яагаад гэвэл элэг шилжүүлэн суулгахдаа цусны бүлгийг нь хардаг.
Дээрх 430 гаруй хүний элэгний үйл ажиллагаа нь эцсийн шатандаа орчихсон. Амьгүй донороос донор гарахыг хүлээгээд, бид нараас амь гуйгаад, ар гэр хамаатан саднаараа тархины үхэлтэй донор олдохыг хүлээгээд өдөр хоногийг тэвчин ядан хүлээж байгаа.
Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна.
Хориход очиж П.Батчулуун эмчтэй уулзсан. "Би яах гэж, юуны төлөө бүх бие эрүүл мэнд, амь амьдралаа зориулчихаад сүүлд ийм байдалд орчихоод байж байна гэж УЙЛЖ" байна " гэв.
Мөн тэрбээр, "Элэг шилжүүлэн суулгасан багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна. Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан.
П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна." гэв.









