Э.АНХБАЯР: ХӨСҮТ тусламж, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор “Амбулаторын үзлэг“-ийн төрлийг нэмэгдүүлсэн
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулах зорилготойгоор” Улаанбаатар хот дахь эрүүл мэндийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүдтэй уулзалт хийж буй.
Тэгвэл энэ хүрээнд өчигдөр УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн ажлын албаныхан Халдварт Өвчин судлалын Үндэсний төвд ажиллалаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр эмнэлгийнхээ үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулсан юм. Тэрээр “ХӨСҮТ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэн, халдварт өвчний тандалт, сэргийлэлт, оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, хүний нөөцийн тогтвортой хөгжил, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй хангах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэгт 700 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилагч ажиллаж, 24 цагийн турш ард, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ үзүүлж байна.
Бид энэ онд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор чих, хамар, хоолой, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн оношилгоог үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Мөн “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог өөрийн эмнэлэг дээрээ хийж эхлээд байна.
Цаашид дан ганц халдвартай өвчин гэлтгүй нарийн мэргэжлийн мэс заслыг хийх зорилт тавьж, бэлтгэлээ хангаад байна” гэдгийг энэ үеэр онцолсон юм.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа энэ үеэр “УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар эрүүл мэндийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангах, шаардлагатай тохиолдолд шинээр хууль гаргах, эмнэлгийн үйлчилгээг хүн төвтэй болгох зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Бид хамтран иргэддээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь хүргэхэд анхаарч ажиллах ёстой” хэмээлээ.









