ХӨСҮТ: Хүүхдээ дагуулж айлд очихгүй байх, хүүхэд багачуудыг үнсэхгүй байхыг АНХААРУУЛЛАА
ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.
ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа, "Томуугийн өвчлөлийн дэгдэлт алаг цоог байна. Томуугаар тав хүртэлх насныхан илүү өвчилж, хүндрэх эрсдэлтэй байдаг. Энэ жилийн хувьд салхинцэцэг, менингоккокт зэрэг амьсгалын замын бусад халдвар ч их байна. Ялангуяа менингоккот өвчин дэгдэлт хэлбэрээр гарч, өвчлөл гуравдугаар сард илүү өсөх хандлагатай байгаа юм" гээд иргэд, олон нийт цагаан сарын баярыг тэмдэглэхдээ хариуцлагатай байж, эрүүл ахуйн дэглэмээ чанд сахихыг уриаллаа.
Харин ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ярихдаа, "Одоогоор улаанбурхан өвчний таван тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийнх нь энэ сарын 14-15-нд шилжих шөнө Вьтнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчоос илэрсэн. Энэ халдвар Зүүн өмнөд азийн улс оронд ихээр бүртгэгдэж байна. Иймээс тус улс руу зорчихдоо вакцинд хамрагдсан эсэхээ тодорхойлж, хэрэв хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй" гэв. Мөн тэрбээр товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй ес хүртэлх сартай хүүхэд энэ халдвараар өвчлөх эрсдэлтэй. Иймээс олон нийтийн газар аль болох авч явахгүй байхыг зөвлөлөө.









