УНТЭ: Монгол Улсад “дурангийн аргаар уушгинд байрлах хавдрын үүсгэврээс эдийн шинжилгээ авах“ ажилбарыг нэвтрүүллээ
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийнхөн шинэ эмчилгээ, оношилгоог үйлчилгээндээ нэвтрүүлэх ажлыг тасралтгүй хийдэг. Тэгвэл энэ удаад тус төвийнхөн Япон Улсын Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “EBUS-д чиглэсэн бронхоскопын сургалт, техникийн сайжруулалт төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.
Тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн Уушги, харшид судлалын эмч мэргэжилтнүүд Япон Улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран Монгол Улсад анх удаа "Уушгины захын байрлалтай үүсгэврээс Radial Guide Sheet-EBUS ашиглан эд авч онош тодруулах шинжилгээг амжилттай хийлээ.
Уг шинжилгээг нэвтрүүлэхээс өмнө булчирхайнаас эдийн шинжилгээг авахын тулд нээлттэй мэс засал хийдэг байсан бол уг төслийг хэрэгжүүлснээр дурангийн аргаар уушгинд байрлах томорсон булчирхай, хавдрын үүсгэврээс эдийн шинжилгээ авах боломжтой болжээ. Ингэснээр өвчтөнд үзүүлэх хүндрэл үгүй болж, богино хугацаанд найдвартай шинжилгээ авах боломжтой болсон. Тус шинэ эмчилгээний технологийг нэвтрүүлээд нэг жил болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй өвчтөнд дээрх аргаар шинжилгээ хийж, 2024 онд "Шинэ технологи нэвтрүүлэгч эмнэлэг"-ээр шалгарсан. Харин өнөөдөр Япон Улсын эмч мэргэжилтнүүдтэй хийсэн шинжилгээг цаашид эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлвэл уушгины хавдрыг эрт үед нь оношлох боломж бүрдэх талаар УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэг дурдаж байлаа.
Монгол Улсад оношлогдож байгаа уушгины хавдрын тохиолдлууд ихэвчлэн хожуу шатандаа буюу III, IV дүгээр шатанд оношлогдож байна.
Мөн тэрээр Энэ боломжийг олгосон ЭМЯ, УНТЭ-ийн удирдлага, Уушги, харшил судлалын төвийн хамт олон, Мэдээгүйжүүлэг, Радиологийн тасаг болон бусад хамтран ажиллаж буй хамт олондоо талархал илэрхийлсэн юм.
Япон Улс дахь Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийн Амьсгалын эрхтэний тасгийн эмч Юүсакү Кусаба:
Япон Улсын Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр амьсгалын замын эрхтэнүүдийн дурангийн оношилгоо, шинжилгээний шинэ арга технологийг Монгол Улсад нэвтрүүлэх зорилготойгоор уг төслийг эхлүүлсэн. Бид Япон Улс дахь Олон улсын эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны үндэсний төвийг төлөөлөн ирсэн.
Өнгөрсөн хугацаанд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Япон Улсад очиж, энэ төрлийн эмчилгээг хэрхэн хийх талаар маш сайн суралцаад ирсэн. Өнөөдөр ийнхүү тус арга зүйгээ ашиглаад эмнэлэг дээрээ анх удаагаа эмчилгээ, оношилгоог амжилттай хийлээ. Манай төслийн цаашдын зорилго нь монголын эмч нарын чадварыг сайжруулж, энэ төслийнхөө тусламжтайгаар монгол иргэдийнхээ амь насыг хамгаалах болно.
Миний хувьд Монгол Улсад гурав дахь удаагаа ирж УНТЭ-ийн эмч, мэргэжилтэнүүдтэй хамтран ажиллаж байна. УНТЭ-ийн эмч нарын ур чадвар нь маш сайн.
Энэ удаагийн төслөөр дамжуулаад эмч нарын ур чадвар илүү сайжирч, дараагийн түвшинд хүрнэ. Шинэ эмчилгээ, үйлчилгээнд өртөг их шаардагдах нь бий. Тиймээс өртөгийг нь шийдвэрлээд өгчихвөл эмч нарын маань чадвар маш сайн гэдгийг дахин дурдмаар байна.
Уг төслийн хүрээнд зургаан эмч, нэг сувилагчийг Тайвань, БНСУ, Япон улсад сургалтад хамруулсан бөгөөд төслийн хүрээнд дахин гурван сувилагчийг сургалтад хамруулахаар болсон байна.









