ХӨСҮТ халдварт өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр Буриад Улсын Сүрьеэгийн диспансертай хамтран ажиллана
Халдварт өвчин дэлхийн олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж байгаа төдийгүй, сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг хамарсан цартахал ойр ойрхон гарч, улс орны нийгэм, эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж, хэвийн амьдралыг алдагдуулахад хүргэж байна.
Иймээс халдварт өвчний тохиолдлыг тандан илрүүлж, хяналтад авах, байнгын бэлэн байдалд байж, шуурхай хариу арга хэмжээ авах чадавхаа бэхжүүлж, бүс нутаг, хөрш зэргэлдээ улсын орнууд хамтран ажиллах шаардлага тулгарч байна.
Энэ хүрээнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, ОХУ-ын Буриад Улсын Эрүүлийг хамгаалахын улсын төсөвт Г.Д.Дугаровагийн нэрэмжит Сүрьеэгийн диспансерын Ерөнхий эмч Валерий Веньяминович Кожевников нар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Саруул, Судалгаа шинжилгээ, сургалт, мэдээлэл эрхэлсэн дэд захирал О.Батбаяр, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Сүрьеэгийн клиникийн мэс заслын тасгийн зөвлөх Ц.Рэнцэнмягмар, Монголын сүрьеэтэй тэмцэх холбооны Эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн төслийн удирдагч Ц.Базаррагчаа болон Сүрьеэгийн тандалт судалгааны алба, ХДХВ/ДОХ/БЗДХ-ын ТСА, Эрдэм шинжилгээ, судалгааны албаны эмч, мэргэжилтэн, судлаач нар оролцожээ.
Цаашид дараах чиглэлээр хамтын ажиллахаар болжээ.
- Сүрьеэ, ХДХВ-ийн халдвар, гепатит болон бусад халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ
- Сүрьеэгийн уушгины хүндрэлийн үеийн мэс заслын эмчилгээ
- Хамтарсан сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажил, хил орчмын бүс нутгийн хамтарсан уулзалт зохион байгуулах
- Сүрьеэгийн оношилгооны шинэлэг аргууд (диаскин тест гэх мэт), инновац, эмчилгээний шинэлэг арга (эмчилгээний богино горим), технологийн талаар харилцан туршлага солилцох
- Нийгмийн эрсдэлт бүлэгт хүрч үйлчлэх, сүрьеэгийн нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр харилцан туршлага судлах, эмч мэргэжилтнээ сургалтад хамруулах, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.









