Донорын элгийг дурангаар тайрах анхны мэс заслыг амжилттай хийжээ
Хавдар судлалын үндэсний төвд 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулж эхэлсэн. Энэ оны байдлаар 180 удаа элэг шилжүүлэн суулгажээ.
Амьд донороос эрхтэн шилжүүлэх мэс засалд донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах амьдралын чанарыг хадгалах асуудал нэн чухал байдаг.
Тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан 2024 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засалд донорын баруун элгийг дурангийн аргаар тайрах технологийг нутагшуулахаар бэлтгэж эхэлсэн. Өчигдөр анхны хагалгаагаа амжилттай хийлээ.
Эрүүл байж, бусдад амьдрал бэлэглэж буй донорын элгийг хөнөөл багатай дурангийн аргаар тайрч авснаар донор маань хагалгааны дараа богино хугацаанд илаарших, биед үүсэх шархны хэмжээ жижиг болж гоо сайхны хувьд хохирол бага байх боломж бүрдэж байна.
Тус төвд хийгдэж буй анхны мэс заслыг БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн зөвлөх эмч, Жонс Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зөвлөх эмч, Амьд донороос элэг шилжүүлэн суулгах олон улсын багийн (ILDLTG) ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Kwang Woong Lee ахлан БНСУ-ын Сөүлийн Их Сургуулийн эмнэлгийн мэс заслын зөвлөх профессор Kwang Woong Lee, профессор Kim Jae Yoon, мэс заслын сувилагч Shin Eun Hye нарын бүрэлдэхүүнтэй баг хамтран хийж зөвлөн туслалаа.









