Д.НЯМСҮРЭН : Хүний гавьяат эмч П.Батчулуун эмч “Хүний эрүүл мэндийг аврахын төлөө“ зүтгэж явсаар ийм хэрэгт орсон
Хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслаар мэргэшсэн эмч П.Батчулууны талаар Хүний Гавьяат эмч, Төрийн соёрхолт, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх Д.Нямсүрэн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах зохицуулах албаны дарга П.Батчулуун эмчтэй олон жил хамт ажилласан. Түүний хувьд сүүлийн 10 орчим жил Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах албаны даргаар ажиллаж, Монгол Улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлж нутагшуулах, тус мэс заслыг олон улсын түвшинд хүргэж үсрэнгүй амжилт гаргахад анхнаас нь зүтгэсэн онцгой гавьяатай хүн бол П.Батчулуун эмч юм.
Эд, эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг хүссэн эмч нарын хийдэг мэс засал биш. П.Батчулуун эмч дайчин, зоригтой ажлын төлөө л явдаг хүн. Өөр хүн байсан бол өнөөдөр группт гараад сууж байх ийм л хүн байгаа юм.
Дагзаны буюу толгойны орой хэсэгт ямар ч яс байхгүй. Та нар анзаардаг бол, арга хэмжээ, хэлэлцүүлэг дээр малгайгаа авдаггүй. Мөн зүрхэнд 4-5 удаа стэнд буюу тэлэгч тавиулах эмчилгээг хийлгэж байсан. Нөгөө талаас манай эмч чихрийн шижинтэй.
П.Батчулуун эмч маань сайн үйлсийн төлөө явж байгаад өнөөдөр ялтан болж байна. Энэ хэрэг шүүхээр цагаадна гэдэгт мэргэжил нэгт эмч нарыг зүгээс итгэж байна.
Нэг кадаврын буюу амьгүй донороос 8 хүний амь насыг авардаг гэж ярьдаг. Цаашлаад түүнээс ч дээш хүний амь насыг аврах боломжтой.
Тухайлбал, элэг, бөөр, уушги, зүрх, нойр булчирхай, арьс, нүдний эвэрлэг, яс зэргийг донорт суулгаж, олон хүний амь насыг аварч, амьдралын чанарыг дээшлүүлэх боломжийг бүрдүүлдгээр "донор" гэдэг бол дээдийн дээд буян гэж хэлдэг.
П.Батчулуун эмчийн асуудал дээр донорын ар гэрээс албан ёсны зөвшөөрөл авч, гэрээ хийсэн ч гэсэн ойлголцлын зөрүү гарсан байна лээ. Тухайн үед эмчийн зүгээс донорын ар гэрт халамжаас олгох ёстой мөнгөн тэтгэмжийг олгоогүй явдалд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан УУЧЛАЛТ гуйсан байна.
Донорын арга гэрээс гарын үсэг зурсан гэрээнд бэлэг, бөөр, шөрмөсийг авахыг зөвшөөрсөн байгаа. Шөрмөсийг авахдаа жижигхэн ястай нь хамт авахгүй бол донор эрхтэн суулгахаар болдоггүй талтай. Тиймээс ар гэртэй нь донорын шөрмөсний тал дээр ойлголцлын зөрүү гарсан байна лээ.
Цаашид цогцсын донорыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг илүү сайжруулах нь чухал байна." гэв.









