Монгол улс хорт хавдрын эмчилгээнд стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлж байна
Хавдар судлалын үндэсний төв хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд орчин үеийн техник, технологи нэвтрүүлж, эмчилгээний арга барилаа шинэчилж байна.
Тус төв өнгөрсөн онд стереотатик буюу байд онилсон туяа эмчилгээг элэг, уушгины хорт хавдарт нэвтрүүлж эхэлжээ.
Ингэснээр туяа эмчилгээг богино хугацаанд хийх боломж бүрдсэн юм. Тодруулбал, өвчтөн уламжлалт туяа эмчилгээг сард 25-30 удаа хийлгэдэг байв. Тэгвэл бай эмчилгээг нэвтрүүлснээр долоо хоногт 4-5 удаа ордог болсныг Хавдар судлалын үндэсний төвийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг тодотголоо.
Тэрбээр, “Стереотактик буюу байд онилсон туяа эмчилгээний үр дүн хамгийн багадаа 1-2 жилийн дараа мэдрэгдэх боломжтой ч урьдчилсан байдлаар эмчилгээнд орсон өвчтөний хавдрын голомт жижгэрч байгаа нь ажиглагдсан.
Олон улсын судалгаагаар энэ төрлийн эмчилгээ мэс засалтай дүйцэхүйц үр дүнтэй гэдгийг баталсан. Бид энэ ондоо багтаан тархи, нугасны хорт хавдрын эмчилгээнд тус эмчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж, багаа бэлтгэж байна" гэлээ.
Стереотактик туяа эмчилгээг хавдрын эрт үед буюу хавдар нь таван см-аас бага хэмжээтэй байхад хийх боломжтой.
Үүнийг мэс засал, түлэх, судас бөглөх гэх мэт бусад төрлийн эмчилгээний нэгэн адил сонгож хийлгэх ёстой юм байна.
ХСҮТ нь өвчтөнүүдийн эмчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамруулахыг зорьж байгаа аж.









