“Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн хамтарсан зохицуулах хорооны дөрөвдүгээр хурал боллоо
Сүрьеэ, ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх зорилгоор ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр тус төслийн ээлжит уулзалт боллоо.
Уулзалтад Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, дэд захирал Ж.Байгалмаа, дэд захирал О.Батбаяр болон бусад холбогдох албаныхан, эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Япон улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хооронд 2020 оны 1 сарын 16-ны өдөр солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төсөл хэрэгжиж байна. Төслийн хэрэгжилтийг ЖАЙКА-тай хамтран хариуцаж, бусад холбогдох байгууллагуудтай уялдуулан, төслийн бие даасан үйл ажиллагааг хэрэгжүүлж байх хугацаанд болон хэрэгжүүлсний дараа тогтвортой байлгаж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил болон нийгмийн амьдралд хувь нэмэр оруулахаар хоёр тал тохиролцсон ажээ. Төсөл 2020 оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд энэ оны 10 сарыг дуустал хэрэгжинэ.
Төслийг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Хоккайдогийн их сургууль, Япон улсын сүрьеэ судлалын хүрээлэн хамтран хэрэгжүүлж байна. Мөн БШУЯ, Сангийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв уг төслийг дэмжин, хамтран ажиллаж ирсэн.
Төслийг хүрээнд:
- Халдварт зооноз өвчнийг оношлох шинэ техник, технологид суурилсан түргэвчилсэн оношлуурыг Япон эрдэмтэд зохион бүтээж үхрийн сүрьеэ болон адууны ямын халдварыг илрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх замаар Монгол Улсад одоогийн хэрэглэгдэж байгаа сүрьеэ, ям өвчнийг оношлох аргыг шинэчилж зоонозын өвчний оношилгоог сайжруулна..
- Адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг зоонозын халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, бодит нөхцөл байдлыг тодорхойлно.
- Адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг зооноз өвчний тархалт, халдварлалтын бодит нөхцөл байдлыг ийлдэс судлал,молекул биологийн аргаар тогтооно.
- Нэг эрүүл мэнд (One health) үзэл баримтлалд тулгуурласан зооноз халдварт өвчнийг хянах платформыг бий болгоно.
Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар
- Монгол Улсын мал эмнэлгийн салбарт Био-аюулгүй байдлын 3-р зэрэглэлийн иж бүрэн лаборатори байгуулах, хүн эмнэлэг түүний дотор сүрьеэгийн салбарт орчин үеийн дэвшилтэтэт тоног төхөөрөмж бүхий халдварт өвчний үүсгэгчийн геномийн бүрэн дараалал тогтоох лабораторийг байгуулаад байна
- Хүн, мал эмнэлгийн салбарын 20 орчим мэргэжилтэн, судлаачдыг Япон улсад урт богино хугацааны сургалтад хамруулан боловсон хүчний чадавхийг дээшлүүлээд байна.
- Оношилгооны дэвшилтэт технологи, багаж төхөөрөмжийг суурилуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, улмаар нутагшуулахад техникийн туслалцаа үзүүлж байна.
- Япон улсын профессор, эмч, мэргэжилтнүүд зоонозын өвчний чиглэлээр Монгол судлаачидтай хамтарсан судалгааг гүйцэтгэж салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлж байна.