УХТЭ: Элэгний хэмжээг жижгэрүүлж, элэгний төвд байрлалтай хорт хавдрыг авах мэс заслыг “дурангийн аргаар“ хийж эхэлсэн
Хавдрын эсрэг дэлхийн өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдөр болдог. Уг өдөр нь олон нийтийн хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжих зорилготой олон улсын тэмдэглэлт өдөр юм.
Тэгвэл уг өдрийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгээс иргэдэд зориулсан "Хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.
Дэлхий дээр жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог бол тэдгээрийн дөрвөн сая нь 30-69 насандаа нас бардаг.
Энэ үеэр УХТЭ-ийн мэс заслын эмч Б.Ган-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Монгол Улсын хэмжээнд УХТЭ, ХСҮТ гэсэн хоёр эмнэлэгт элэгний дурангийн мэс заслыг хийж байна. Улсын хэмжээнд зонхилон тохиолдох халдварын 30-40 хувийг элэгний хавдар дангаараа эзэлж байна.
Тиймээс УХТЭ-т элэгний хавдрыг дурангаар авах мэс заслыг амжилттай нэвтрүүлээд байна. Уг мэс засал нь өвчтөнд хор хөнөөл багатай, дахилтын хувь багатай, зовуурь багатай бөгөөд ор хоног багатай учраас эдийн засагт хэмнэлттэй байдаг. Манай эмнэлэгт энэ төрлийн мэс заслыг ЭМД-аараа үнэ төлбөргүй хийж байна.
Манай эмнэлэгт тоног төхөөрөмж сайжирснаар ангиографийн тасгийнхантай хамтран элэгний хэмжээг жижгэрүүлж, дурангийн аргаар элэгний төвд байрлалтай хорт хавдрыг авах мэс заслыг хийж эхэлсэн." гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний тасгийн их эмч Т.Урансайхан:
Манай эмнэлэгт бүх эрхтэний мэс заслын өмнө ба дараах, хөнгөвчлөх бай эмчилгээнүүд хийгдэж байна. Хими, бай эмчилгээг тухайн хүний онцлогт тааруулж хийдэг. Хавдрын хэмжээ том бол жижгэрүүлэх, мэс заслын дараа нүдэнд харагдахгүй бичил үсэрхийллийг устгах зэрэг өвчний үед хийгддэг. Манай бай эмчилгээний тасаг 2023 онд нээгдсэн бөгөөд өнгөрсөн жил 800 гаруй иргэд энэ төрлийн тусламж, үйлчилгээг манай эмнэлгээс авсан байна.
Хоёрдугаар эмнэлэгт ходоодны хавдрын эрт үеийн салст хуулах эмчилгээг хийж байна
УХТЭ-ийн дурангийн эмч М.Ариунзаяа:
УХТЭ-т хоол боловсруулах замын буюу ходоод, улаан хоолойн замын дуран, бүдүүн шулуун гэдэсний дуран, уушги, гуурсан хоолойн дурангийн оношилгоо, ажилбаруудыг хийж байна. Улс орон даяар зохион байгуулагдсан эрт илрүүлэг үзлэг оношилгоо, шинжилгээнд ходоодны дурангийн шинжилгээг оруулсан нь маш зөв ажил болсон. Энэ шинжилгээгээр маш олон ходоод, улаан хоолойн архаг үрэвсэл, улаан хоолойн сөөргөө өвчнийг илрүүлсэн. Бидний хувьд ирж үйлчлүүлж буй иргэдээ тухтай байлгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр нэг удаагийн багаж хэрэгслийг ашиглаж оношилгоо, шинжилгээгээ хийж байна.
Ходоодны дуранд харуулахын тулд өмнөх өдөр нь 19:00 цагаас хоол идэхгүй, эмийн бодис хэрэглэхгүй, өглөө өлөн ирэх шаардлагатай. Харин бүдүүн гэдэсний дуранд орох иргэд хамгийн эхлээд эмчтэй уулзаж, зөвлөгөө авах шаардлагатай байдаг.
Тиймээс иргэд энэ өдөр хавдрын нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, оношилгооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.