Сэжигтэй хоёр тохиолдлын шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4, 6-нд гарна
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс менингококкт халдварын нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр " Өнгөрсөн оны сүүлээр менингококкт халдварын таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь шинжилгээгээр батлагдаж улмаар эмчлүүлээд бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан. 2025 он гарсаар нийт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь батлагдсан. Харамсалтай байдлаар богино хугацаанд хүндэрч, өвчтөн эндсэн. Одоогоор хоёр сэжигтэй тохиолдолд эмгэг төрөгч шинжилгээ хийгдэж байна. БГД болон БЗД-т гарсан дээрх хоёр сэжигтэй тохиолдлын хувьд хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа. Шинжилгээний хариу эцэслэж гараагүй тул менингококкт халдвар мөн эсэх нь хараахан батлагдаагүй. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4, 6-нд гарна.
Баянгол дүүргийн сэжигтэй тохиолдлын хувьд тухайн хүүхэд 12 дугаар сарын 18-наас хойш хичээлдээ яваагүй гэртээ өөрийгөө тусгаарласан байдалтай байгаа. Нөгөө хүүхдийн хувьд Баянзүрх дүүргийн 311 дүгээр цэцэрлэгт суралцдаг. Шинэ цэцэрлэг тул тухайн хүүхэдтэй хамт есөн хүүхэд байсныг шинжилгээ авч, тандалт хийгдэж байна. Одоогоор хүүхдүүдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн зүйлгүй. Тухайн цэцэрлэгт ариутгал, халдваргүйтгэлийг бүрэн хийсэн.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн есөн настай хүүхдийн эндэгдэл ХӨСҮТ-д бүртгэгдээгүй. Менингококкт халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
Ийм олон нийтийн сүлжээнд батлагдаагүй мэдээлэл тарааж, иргэд олон нийтийг айдаст автуулахгүй байхыг хүсье" гэлээ.