ХӨСҮТ: “Хүний папилома вирус“ нь зургаан төрлийн ХОРТ ХАВДРЫН эх үүсвэр болдог
Өнөөдөр Халдварт Өвчин судлалын үндэсний төвд умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан болсон "Хүний папиллома вирус"-ийн халдварын эсрэг вакцинд эмч, ажилчид болон хүүхдүүдийг хамруулах өдөрлөг зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, дэд захирал Ж.Байгалмаа, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ "Дэлхий дахинд Хүний папилома вирусийн 200 гаруй хэв шинжийг судалж тогтоосон бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүнд үтрээ, гадна бэлэг эрхтэн, шодой, ам, залгиур, хошного, умайн хүзүүний хорт хавдар(УХХХ) зэрэг 6 төрлийн хорт хавдрын шалтгаан болдгоос гадна бэлгийн үү, ургацаг амьсгалын замын үү папилломатоз үүсгэдэг.
Хүний папилома вирусийн нь ихэвчлэн бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын 75 хувь нь хүний папилома вирусийн 16 болон 18 хэв шинжээр үүсгэгддэг байна. Насанд хүрсэн хүн амын 80 хувь нь амьдралынхаа аль нэг үед энэ вирусийн халдварт өртдөг. Хавдар хожуу үе хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг бөгөөд ХПВ-ийн халдвартайгаа мэдэхгүйгээр бусдад халдвар дамжуулах боломжтой.
Умайн хүзүүний хорт хавдар(УХХХ)-ын өвчлөл Дэлхий дахинд 100,000 хүн тутамд 14,1 тохиолдол бүртгэгддэг бол Монгол улсад 100,000 хүн тутамд 20,2 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь манай улсын УХХХ-ын өвчлөл, нас баралтын түвшинг дэлхий, Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудтай харьцуулахад өндөр, Азийн улсууд дундаа Индонез, Мальдив, Мьянмар зэрэг улс орны дараа 4-р байранд орж байна." хэмээлээ.
Манай улсын хорт хавдрын 2023 оны тайлангаар 425 эмэгтэй УХХХ-аар оношлогдсон нь нийт оношлогдсон хорт хавдрын 4-рт, эмэгтэйчүүдийн дундах хорт хавдруудаас элэгний хавдрын дараа 2-р байранд орж байна. 2023 онд УХХХ-ын улмаас 160 эмэгтэй эндсэн нь 2 өдөр тутамд нэг эмэгтэй нас барж байна гэсэн үг юм.
Дэлхийн 150 гаруй улс орон ХПВ-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн байна.
ХПВ-ийн эсрэг Гардасил (GARDASIL) вакцин нь АНУ-ын Мерк Шарп үйлдвэрийн ХПВ-ийн 6, 11, 16, 18-р хэв шинжийн халдвараас сэргийлэх рекомбинант вакцин ба 1 хүн тунгаар савлагдсан, ДЭМБ-ын чанарын шаардлага болон АНУ-ын Хүнс, эмийн байгууллага, Европын эмийн агентлаг зэрэг олон орны үндэсний зохицуулах агентлагаас зөвшөөрөлтэй бөгөөд аюулгүй, үр дүнтэй болохыг тогтоосон баталгаатай вакцин юм.
Вакцин нь хүний биед урт хугацаанд үзүүлсэн сөрөг гаж нөлөө байхгүй бөгөөд харин ч олон төрлийн хавдрын өвчлөлийг бууруулсан талаар олон улсын судалгаанууд байдаг. Тухайлбал, АНУ, Австрали, Дани, Шотланд зэрэг вакцин нэвтрүүлсэн олон оронд УХХХ-ын 16, 18 хэвшинжийн тархалт 66-83 хувь буурч, хөвгүүдийн бэлгийн үү 48 хувиар буурсан үр дүнтэй байна.
Умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан болсон Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол улс 2024 оноос Үндэсний товлолт дархлаажуулалтад нэвтрүүлж 11 настай хүүхдүүдийг дархлаажуулж байна.