Б.Ганзориг: Нүүрс шатахад үүсдэг бодисоос үүссэн мутац монгол хүний элэгнээс илэрсэн
Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Б.Ганзориг хэлэлцүүлэгт илтгэл тавилаа.
Тэрбээр "Монгол Улс хавдар өвчнөөр Дэлхийд 52-т, хавдрын нас баралтаар 1-рт ордог. Үүн дундаа уушгины хавдраар Дэлхийд 64, нас баралтаар 87-д орж байна. Уушгины хавдраар Дэлхийд жил бүр 2 сая хүн нас бардаг. Хүнийг нас барахад хүргэдэг өвчний 1-рт уушгины хавдар ордог.
Монголд уушгины хавдраар өвчилсөн, нас барсан хүний тоо байнга нэмэгдэж байна. Агаарын бохирдол уушгины хавдарт нөлөөлсөн эсэхийг тогтоосон судалгаа Монголд одоогоор хийгээгүй байна. Тиймээс гадаадын судлаачдын судалгааг танилцуулъя.
АНУ-ын Харвардын их сургуулийн судлаачид нүүрс түлдэг 83 улсад уушгины хавдар хэр байгааг судалжээ. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын хүчин чадлыг 1 ГВт-аар өсгөхөд, эрэгтэй хүний хавдар 59, эмэгтэй хүний дундах хавдар 87 хувиар нэмэгддэг юм байна.
Дэлхийд 3 тэрбум хүн гэртээ хатуу түлш буюу нүүрс, мод түлдэг. Нүүрс түлдэг Азийнхан, мод түлдэг Европынхон уушгины хавдраар илүү их өвчилдөг юм байна. Гадаад орчны бохирдол уушгины хавдарт илүү их нөлөөлж байгааг тогтоосон судалгаа байна.
Агаарын бохирдол нь уушгины хавдраас гадна элэгний хавдарт нөлөөлж байна гэсэн шинэ судалгаа гарч ирсэн. 2015-2017 онд Монгол болон Баруун Европын орнуудаас элэгний хавдартай 379 хүнээс сорьц авч, элэгний эсэд молекулын шинж чанарыг тодорхойлох судалгаа хийсэн байна. Нүүрс шатахад үүсдэг диметильсульфид гэх бодисоос үүссэн шинэ мутац зөвхөн Монгол Улсаас ирүүлсэн 179 сорьцоос илэрсэн байна." гэв.