Бүтэлттэй төрсөн нярайг эрт эмчлэх тархи өргөх эмчилгээг Монголд нэвтрүүллээ

2024 оны 12 сарын 23

Arslan.mn

Манай Улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлт тутамд 7,7 байдаг бол олон улсын дундажтай харьцуулахад 5 дахин өндөр байгаа юм.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар Монгол Улсад нярайн эрт илрүүлгийг сайжруулах, оношилгоо эмчилгээг өргөжүүлэх бодлогын хүрээнд “Үндэсний баг” байгуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй байлгах ажлууд шат дараалалтай хийгдэж эхэлсэн.

Өнөөдөр үүний нэг болох “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт хийж эхэллээ. Эмчилгээ үндсэндээ 72 цагийн турш хийгддэг бөгөөд бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох үйлчилгээ үзүүлэх эмчилгээ юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дурдахдаа: “Өнөөдөр бид Монгол Улсад нярайн эндэгдлийг 5,5 болгон бууруулах зорилгод хүрэх алхмаа хийлээ. Бүтэлттэй төрөлтөөс үүдсэн олон шалтгааныг бууруулах чиглэлд бид нярайн эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Ингэснээр бид төрөнгүүтээ эндэх, бүтэлтээс үүдэн уналт таталттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өнөөдрийн энэхүү “Тархи хөргөх” эмчилгээний аппаратыг 5 ширхэгийг Монголд оруулж ирэн эмчилгээг эхлүүлснээр бүтэлттэй төрсөн нярайд хойшид гарах хүндрэлийг бууруулах боломж бүрдэж байна” хэмээн ярилаа.

Arslan.mn

Нярайн тархи хөргөх эмчилгээний Үндэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг: “Манай Улсад тархины хүчилтөрөгч цусан хангамжийн шалтгаант эмгэг сүүлийн 10 жил нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед болон нярай бага насанд зохистой тусламж үзүүлснээр хөгжлийн бэрхшээл үүсэхээс 70% сэргийлж чадна. Гэвч хөгжлийн хоцрогдолтой 9 сартай хүүхдийн 9%, 24 сартай хүүхдийн 12% нь л шаардлагатай үйлчилгээ авсан байна. Нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ гэдэг эх орондоо хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Нярайн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан өвчлөл, эндэгдлийг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж байна. Бидний хөрш орнууд, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нярайн салбарт хамгийн их хөрөнгө оруулдаг. Учир нь эх орны ирээдүй эндээс эхтэй. Чанартай тусламжийг цаг алдалгүй хүргэснээр хүүхдийн дархлаа зөв тогтож, эд эсийг хамгаалан, эрүүл саруул өсч торних үндэс болдог” хэмээн онцолж ярилаа.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660812
0 эможи

Зочин
2024-12-23 18:11
Дээр үед бол ганц алгадаад л чарладаг байсан
keyboard_arrow_up