Иргэд орон нутагтаа рентген, СТ, MRI, МАМОГРАФИК дүрс оношилгоог хийлгэх боломжтой боллоо

2024 оны 12 сарын 18

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд өнөөдөр /2024.12.17/ орон зай, цаг хугацаанаас үл хамааран рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг хүлээн авч, оношлох  “ЗАЙН ОНОШИЛГООНЫ ТӨВ” нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Уг оношилгооны төв нээгдсэнээр хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас ирсэн рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг чанарын өндөр түвшинд стандартын дагуу хүлээн авч, дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмч нар гаргах боломж бүрдэж байна. 

Мөн шаардлагатай эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан нөхөх, иргэд харьяа орон нутгаасаа дүрс оношилгооны дүгнэлтийг хүлээн авснаар хот руу чиглэх иргэдийн хөдөлгөөн багасаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрах юм.  

Тус төвийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ ”Уг төвийн үйл ажиллагаа 21 аймгийн иргэд нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг оршин суугаа орон нутагтаа авах боломжийг бүрдүүлж Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал, чирэгдлийг бууруулах зорилготой. Одоогоор 15 аймаг амжилттай холбогдсон, ирэх 7 хоногт үлдсэн 5 аймгаа холбоно” хэмээн онцоллоо. 

Зайн оношилгооны төвд УХТЭ-ийн Оношилгооны төвийн дарга, зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган, УНТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн радиологийн тасгийн зөвлөх эмч З.Хишигжаргал, ЭХЭМҮТ-ийн Радиологийн тасгийн дүрс оношилгооны эмч Б.Ариун-Эрдэнэ, УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Л.Амартүвшин, УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Ж.Алтанхуяг, УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн радиологийн тасгийн их эмч Ц.Отгонтуяа нар зөвлөгөө өгч ажиллана.



 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660725
0 эможи

keyboard_arrow_up