Монголын анхны “Сул харааны төв”-ийг АШУҮИС-ийн эмнэлэгт нээлээ
АШУҮИС-ийн Төв эмнэлэг дээр Австралийн Засгийн газрын “Бичил тусламж хөтөлбөр”-ийн хүрээнд “СУЛ ХАРААНЫ ТӨВ” -ийн нээлтийн арга хэмжээ 2024 оны 11 сарын 18-нд боллоо. Энэхүү арга хэмжээнд Австралийн холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэти Смит (Katie Smith), АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон проректорууд, багш, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллэснээр рефракцийн гажгийг оролцуулбал дэлхий нийтэд дор хаяж 2.2 тэрбум харааны бэрхшээлтэй хүн бий. Тэдгээрээс 1 тэрбум орчим харааны бэрхшээлийг нь урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийх боломжтой гэж үздэг ба дийлэнхийг 50-иас дээш насны хүмүүс эзэлж байна. 2020 оны байдлаар дэлхий дээр хөнгөн болон дунд зэргийн сул хараатай 553 сая хүн, хүнд зэргийн сул хараатай 43 сая хүн амьдарч байна. Дэлхийд рефракцийн гажиг, болор цайх өвчин, глауком, чихрийн шижингийн ретинопати, насжилтын шалтгаант шар толбоны сөнөрөл зэрэг нь сохрол, сул харааны тэргүүлэх шалтгаан болж байна. Манай улсын хувьд “Зайлсхийж болох сохролын түргэвчилсэн судалгаа”-гаар 50-иас дээш насны хүн амын дунд сохрол 2.2%, сул хараа 13%-тай байна гэсэн үр дүн гарсан байдаг. Сохрол, сул хараа нь улс орны нийгэм, эдийн засаг төдийгүй өвчтөн, тэдний гэр бүлийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг.
АШУҮИС-ийн Төв эмнэлэг дээр байгуулагдаж буй “Сул харааны төв” нь Монгол улсын нүдний тусламж үйлчилгээнд нэн тулгамдаад буй харааны бэрхшээлтэй, сул хараатай иргэдэд хараа зүйн цогц тусламж үзүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд нүдний иж бүрэн үзлэг хийх, сул харааны хэрэгсэл сонгоход нь туслах, үйлчлүүлэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрхэн бие даан аюулгүй гүйцэтгэхэд нь зөвлөгөө өгөх зэрэг тусламж үйлчилгээг үзүүлэх юм.
Сул харааны төв нь харьяалал харгалзахгүй, харааны бэрхшээлтэй бүх насны хүмүүст үйлчилгээ үзүүлнэ.