ЧУУЛГАН: Монголын мэс засалч эмч нар 16 дахь удаагаа чуулж, ололт амжилтаа хэлэлцэж байна
Өнөөдөр Монголын мэс засалч эмч нарын холбоо, KKIDI, Цэргийн төв эмнэлгийн хамтран зохион байгуулж буй Монголын мэс засалч нарын холбооны 16 дугаар чуулган “ЯАРАЛТАЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ШИЙДВЭРЛЭХ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” нэрийн дор эхэллээ.
Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Төмөрбаатар, Монголын мэс засалч эмч нарын холбооны Ерөнхийлөгч Н.Баасанжав, Монголын мэс засалч эмч нарын холбооны Гүйцэтгэх захирал Д.Баян-Өндөр, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн болон бусад албаныхан оролцож байна.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг байсан тус чуулган 2023 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдахаар болсон юм. Энэ удаагийн чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн нийт 320 гаруй мэс заслын эмч нар оролцож, өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг хүндрэл багатайгаар шийдвэрлэх вэ, яаралтай тусламж, үйлчилгээг хоёр цагийн хугацаанд хэрхэн хүргэх зэрэг асуудлаар зөвлөлдөж байна.
Монголын мэс засалч эмч нарын холбооны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, академич Н.Баасанжав энэ үеэр "Анагаах ухааны хөгжил хурдацтай явагдаж байгаа учраас бид жил бүр ололт амжилт, тулгамдсан асуудлаа ярилцах шаардлагатай болсон. Энэ удаагийн чуулганаа бид “ЯАРАЛТАЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ШИЙДВЭРЛЭХ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” нэрийн дор зохион байгуулж байна. Яаралтай мэс засал нь мэс заслын цөм хэсэг нь байдаг. яаралтай мэс заслын тусламжийг хэр үзүүлснээс өвчтөний тавилан шалтгаалдаг.
Энэ удаагийн хуралд БНСУ-аас олон эмч нар оролцож, яаралтай мэс заслын эмчилгээний үеийн туршлагаа хуваалцаж байна" хэмээлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Төмөрбаатар:
Монголын мэс засалч нарын холбооны 16 дугаар чуулган өнөөдөр болж байна. Тус чуулганаар мэс заслын салбарт ойрын жилүүдэд хийх ажлуудаа төлөвлөх, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна. Эрүүл мэндийн яамнаас төвлөрлийг сааруулах, иргэдэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүргэх үүднээс хөдөө орон нутагт энэ төрлийн тусламж, үйлчилгээг өргөн цар хүрээнд хийх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар урологийн тусламж, үйлчилгээг орон нутагт үзүүлдэг болсон. Монгол орон нь өргөн уудам тал нутагтай. Үүнийгээ дагаад бүс нутгийн өвчлөлүүд ч гэсэн өөр өөр байдаг. Тиймээс Дорнод аймагт элэгний хавдрын эмчилгээг нэвтрүүлэх, Увс аймагт ходоод улаан хоолойн мэс засал хийх нэгжийг байгуулах, Өвөрхангай аймагт толгой, хүзүүний байрлалын мэс заслын нэгжийг байгуулахаар төлөвлөөд ажлаа эхлүүлээд явж байна. Ингэснээр яаралтай үеийн тусламж, үйлчилгээг иргэд хөдөө орон нутагтаа авах боломж нээгдэх юм.
Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн:
Монгол Улсад мэс заслын алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ирэх онд анхны мэс заслын тасаг байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Монголын мэс засалч эмч нарын нийгэмлэгийг бидний багш Академич Б.Гоош байгуулж, өнөөдрийг хүртэл нийгэмлэг маань үйл ажиллагаагаа таслалгүй 16 дугаар чуулганаа амжилттай зохион байгуулж байна. Монголын анагаах ухааны хамгийн чухал хэсэг бол мэс заслын алба байдаг. Энэ албаны нэрийг өндөрт өргөж яваа бүх мэс заслын эмч нартаа, багийнхандаа баярын мэнд хүргэе.
Яаралтай мэс засал нь мэс заслын амин сүнс байдаг. ДЭМБ-аас Монгол Улсыг яаралтай тусламжийг сайн үзүүлдэг орны тоонд оруулсан. Манай орноос доош үзүүлэлттэй 82 орныг Монгол Улсын хэмжээнд хүргэнэ гэдгийг зарласан. Энэ нь монголын мэс засалч эмч нарын чадвар дэлхийн хэмжээнд хүрсэн гэдгийг харуулж байна.
Цэргийн төв эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Б.Энх-Од:
Монголын мэс засалч эмч нарын холбоо, KKIDI, Цэргийн төв эмнэлгийн хамтран Монголын мэс засалч нарын холбооны 16 дугаар чуулганыг зохион байгуулж байна. Монгол Улсад анхны мэс заслын алба үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Бид энэ удаагийн хурлыг хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Цэргийн төв эмнэлэгт орчин үеийн техник ашиглан 20 гаруй төрлийн мэс заслыг хийж байна. Цэргийн төв эмнэлгийн хувьд 1985 оноос хойш Монгол Улсад аврахуйн анагаах ухаан гэх ойлголтыг гаргасан. Үүнд яаралтай тусламжийн бүх чиглэлүүд багтдаг. Өнөөдрийн байдлаар манай эмнэлэг Баянзүрх дүүргийн 31 хороо 210,000 иргэнд тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна улсын хэмжээнд галт зэвсгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн цэргийн алба хаагч, тэтгэвэрт гарсан алба хаагч болон гэр бүлийнхэнд нь тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Энэ үеэр 31 илтгэл тавигдах бөгөөд шилдэг аман илтгэл, шилдэг ханан илтгэл, шилдэг тохиолдлын танилцуулга болон шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалч эмч нарыг тодруулах юм.