Элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын эмч мэргэжилтнүүд манай улсад суралцаж эхэллээ
ОХУ-ын Красноярск хотын төв эмнэлгийн эмч нар дөрөвдүгээр сарын 16-наас тавдугаар сарын 16-ны хооронд нэг сарын хугацаатай Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг(УНТЭ) дээр суралцаж байна.
Тодруулбал ОХУ-ын эмч нар УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах болон элэг цөсний замын мэс заслын чиглэлээр манай эмч, мэргэжилтнүүдээс туршлага судалсан юм. Улмаар амжилттай суралцаж төгссөн ОХУ-ын эмч нарт сертификат гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болов.
Ёслолын ажиллагааг нээж УНТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал “Урьд өмнө бид гадагшаа явж суралцдаг байсан бол одоо олон улсын эмч, мэргэжилтнүүдийг сургаж эхэлж байгаад баяртай байна.
Өнгөрсөн жил бид элэг шилжүүлэн суулгах чиглэлээр олон улсын хурал зохион байгуулсан. Тэр үеэр статистик мэдээллээр манай элэг шилжүүлэн суулгах хагалгааны дараах амжилтаар дэлхийн өндөр хөгжилтэй орны үзүүлэлтээс илүү явж байсан.
Энэ нь гадаадын эмч, мэргэжилтнүүд манайд суралцахад нөлөөлсөн байх гэж бодож байна” хэмээгээд сургалтад хамрагдсан дөрвөн эмчид сертификатыг нь гардуулан өгсөн юм.
ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлгийн мэс заслын эмч Соболев Павел "Манай Красноярск мужийн эмнэлэг 2016 оноос хойш амьгүй донороос элэг шилжүүлэн суулгаж байгаа. Одоо амьд донороос элэг шилжүүлэн суулгахын тулд туршлага судлах зорилгоор Монголын Улсын нэгдүгээр эмнэлэгтэй гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу манай эмч нарыг баг Нэгдүгээр эмнэлэгт ирж ажиллалаа. Энэ хугацаанд Монголын эмч нараас мэс заслын техникт суралцлаа. Эмч нар бүх талын мэдлэг, мэдээллийг хуваалцахаас гадна эмнэлгээс гадуурх ажилд маш их тусалсан. Бидэнд цаг зав гаргаж, үнэтэй зөвлөгөө өгсөнд маш их баярлалаа. Мөн Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд болон хамт олон, мэс заслын тасгийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.
Цаашид элэг шилжүүлэн суулгах мэс заслыг мужийнхаа эмнэлэгт амжилттай үзүүлнэ гэж найдаж байна." гэв.
Сургалтад хамрагдсан эмч нарын зүгээс нэг сарын хугацаанд маш их зүйл сурч мэдэж авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд цаашид Красноярскийн эмнэлэгт хүрэлцэн ирэхийг урилаа.
Энэ удаагийн сургалт нь УНТЭ-ийн хувьд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гадаадын эмч, мэргэжилтнүүдийг өөрийн эмнэлэг дээр сургасан анхны тохиолдол болж байгаа бөгөөд цаашид гадаад улс орны олон эмч, мэргэжилтнийг эх орондоо сургаж туршлага хуваалцах юм.
УНТЭ-ийн хувьд 2011 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах ажилбар эхэлсэн бөгөөд 2014 оноос манай эмч нар бие даан хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 260 гаруй хүнд элэг шилжүүлэн суулгасан байна.
Түүнчлэн Буриад улсаас эмч, мэргэжилтнүүдээ манайд сургах хүсэлтээ мөн ирүүлсэн бөгөөд удахгүй сургалтыг зохион байгуулах юм байна.