Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагын 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн “ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” сургалтад хамрагдлаа
ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг энэ сарын 14-нд буюу өнөөдөр Увс аймагт зохион байгууллаа.
Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд үг хэлсэн бөгөөд тус сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 300 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд төрийн бүтээмжийн сэргэлтэд зайлшгүй шаардлагатай зүйл нь төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах цахим шилжилт гэдгийг онцлоод “ Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах, чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах чиглэлээр МУ-ын Засгийн газраас ЭМЯ, ЦХХХЯ-нд тодорхой чиглэлүүдийг өгсөн. Энэ хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн салбарын албан хаагчдад шинэчлэл хийгдсэн программ хангамжуудын талаар мэдээлэл өгөх, мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн хууль эрх зүйн болон сүүлийн 3 жилийн хугацаанд хийгдсэн бодлого, шийдвэрүүдийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна.
Цахим эрүүл мэнд шинэчлэлийн хүрээнд ЭМЯ, ЦХХЯ-нас хамтран төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д эрүүл мэндийн салбарын 20 гаруй үйлчилгээг оруулсан. Хамгийн сүүлд гэхэд эрүүл мэндийн нэн шаардлагатай 7 төрлийн тусламж, үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, заримыг нь хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Тухайлбал, эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын картыг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэн эмнэлэгт үзүүлсний дараа шинжилгээний хариуг заавал өөрийн биеэр очиж авах шаардлагагүй, гар утаснаас харах боломж бүрдсэн. " хэмээсэн юм.