А.Цэцгээ: Сувилагч хүн хүнтэй мэндлэхээс эхлээд өвчтөнийхөө санааг амрааж үйлчилж байх ёстой

2024 оны 5 сарын 12

Arslan.mn

“Сувилагчаар ажиллана гэдэг сэтгэл шаарддаг ажил. “Би юу хийж чадах вэ” гэдгийг өөрөөсөө асууж, түүндээ хүрэхийн төлөө ажиллаад, үр дүн нь гарсны дараа ингээд бахархалтай яриад суух цаг ирнэ шүү” гэж ярих энэ хүнийг А.Цэцгээ гэдэг. Тэрээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн Ахлах сувилагч, ХНБУ-ын Магистр , Монгол Улсын Зөвлөх зэрэгтэй сувилагчаар ажиллаж байна.

Монгол хүн эрүүлжин илааршихад үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан олон гавьяатай сувилагч нарын төлөөлөл болох түүнтэй Дэлхийн сувилагчдын өдрийг тохиолдуулан ярилцлаа.

-Анх сувилагчийн мэргэжлийг хэрхэн сонгож байв. Энэ талаарх дурсамжаар ярилцлагаа эхлүүлье. 

-Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.Би 100 жилийн түүхтэй Ууган анхдагч манлайлагч эмнэлэгт ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг.

Намайг наймдугаар ангид байхад  аав маань 1-р эмнэлгийн Эрүү нүүрний тасагт хэвтэн эмчлүүлж, эргэлтээр ирээд гаднаас хүн оруулдаггүй байсан учраас цонхны цаанаас л хараад өнгөрдөг байлаа. Тэр л үед энэ эмнэлэгт орж ажиллах юмсан гэсэн бодол төрж эмнэлгийн мэргэжилтэн болохоор шийдсэн. Есдүгээр ангид байхдаа эгчийнхээ хүүхдийг харах гээд хөдөө очин арван жилээ төгссөн, тэр үед хөдөөгийн иргэний үнэмлэхтэй хүүхдийг хотод  конкорус буюу одоогийн ЭЕШ оруулдаггүй байсан учир тэр жилдээ  орж чадаагүй.  Анхнаасаа л "эмнэлгийн хүн болно" гэсэн бодолтой байсан болохоор эмнэлэгт ажиллах хүсэлдээ хөтлөгдөн Чингэлтэй дүүргийн эмнэлэгт асрагчаар ажиллаж, тэр хугацаандаа хоёр жил дараалан хавар конкорус өгсөн боловч хариу ирээгүй , тухайн үедээ хариугаа яаж хардгаа мэдэхгүй байсан уу, эсвэл утсаар хэлнэ гээд гэрт утас байхгүй хажуу айлын утас эсвэл аав ээжийн ажлын утас өгдөг байснаа буцаж мөн жагсаалтаа харсан үгүйгээ одоо бодоод санадаггүй юм. Тэрний дараа 3 дахь  жилдээ  дахин конкорус өгөх гэсэн боловч нөхөртэйгөө танилцаад жирэмсэн болсон учраас ороогүй. /инээв/

Ингээд 1993 он хүртэл Чингэлтэй дүүргийн эмнэлэгтээ асрагчаар ажиллаж байгаад Сувилахуйн сургуульд элсэн орж анх 1995 онд тэр үеийн нэршлээр Улсын Клиникийн Төв Эмнэлэгт Уушги судлалын тасагт сувилагчаар ажилд орж байлаа. 

Тэр үед энэ том эмнэлэгт орж ажиллах л хүсэл мөрөөдөл маань байсан учраас хүний нөөцөөс өдөр бүр ирж сувилагчийн ажил асууна байхгүй гээд л буцаадаг байсан. Ингээд хоёр сарын дараа ажилд орж байлаа. Ер нь хүний нөөцийн албаны өрөөний үүднээс салахгүй сууж байгаад л ажилд орж билээ. /инээв/   

Эхэндээ ээлжийн сувилагчаар ажиллаж байгаад 2001 онд нэг орой ээлжид хонох  гээд иртэл маргаашаас нь Чих хамар хоолойн тасагт ахлах сувилагчаар "ажилла" гэсэн тушаал гарсан байсан. Тухайн тасагт 5 жил ажиллаж байгаад  2005 онд ахлах сувилагч нарыг сольж ажиллуулна гэсэн шийдвэрээр одоогийн ажиллаж буй Нүд Судлал Мэс Заслын Тасагтаа Ахлах сувилагчаар ирээд одоог хүртэл ажиллаж байна даа.

Би 1987 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ба үүнээс асрагчаар 6 жил, сувилагчаар 6 жил,  арга зүйч, менежер, ахлах сувилагчаар 24 жил ажиллаж , нийт эрүүл мэндийн салбарт 36 дахь жилдээ тасралтгүй  ажиллан энэ жил гавьяаны амралтаа авах гэж байна.

-Танай эмнэлэгт өнөөдрийн байдлаар байдлаар нийт хичнээн сувилагч ажиллаж байна  вэ?

-Юуны өмнө энэ онд гарсан нэг түүхэн үйл явдал нь сувилахуйн салбар маань Сувилахуй эрхэлсэн дэд захиралтай болсон. Тэгэхээр манай эмнэлэгт СЭД захирал, албаны арга зүйч, ахлах сувилагч, зохицуулах сувилагч, сувилагч, сувилагч тусгай мэргэжилтэн гэсэн 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 

Энэ дунд эрдмийн зэргийн хувьд докторант, магистр мэргэшлийн зэргийн хувьд зөвлөх ,тэргүүлэх ,ахлах зэрэгтэй маш олон чадварлаг сувилагч нар, сувилахуйн багууд ажиллаж байна.  

-Залуу сувилагч нарыг сургах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна.

- Шинээр орсон буюу залуу сувилагч нарыг анх ажилд ороход нь сувилгааны албанаас шинэ сувилагч хөтөлбөрийг 2 үе шаттайгаар зохион байгуулж, ажлын байран дээр дадлагажуулдаг бөгөөд тухайн сургалт нь   тасаг бүрийн онцлогт тохирсон агуулга бүхий тусгай хөтөлбөрийн дагуу явагддаг. Мөн түүнчлэн манай эмнэлэг нь сургалтын баз эмнэлэг учраас төгсөлтийн өмнөх болон дараах сургалтуудыг зохион байгуулдаг.

Өөрөөр хэлбэл шинэ сувилагч нараа оюутан байхаас нь эхлэн төгсөлтийн өмнөх дадлагыг ажлын байран дээр хийлгэж сувилагч мэргэжилтэн болоход нь хувь нэмрийг оруулдаг, бэлтгэдэг.

2012 оноос хойш Нүдний сувилахуйн төгсөлтийн дараах 3 сарын олгох хөтөлбөрийг боловсруулан одоогийн байдлаар 180 гаруй шавь нар маань хөдөө орон нутагт болон дүүрэг, эрүүл мэндийн төв ,  манай эмнэлгийн тасгуудад  ажиллаж байна .

Шинээр төгсөж ирсэн сувилагчдыг шижигнэсэн сайн мэргэжилтэн болгох гэж, зөв дадал зуршил сургах гэж та нар маань эмчлүүлэгчийг өөрийн ойр дотны хүнээ гэж бодон асран сувилан эмчилгээг хийж байхыг байнга зөвлөдөг ба сувилагч бид нарын ажил хүнд тус болон эдгээдэг учраас буян болж ирнэ гэж хэлэх дуртай . 

"Сувилагч хүн эмнэлгээс эдгээд гарч байгаа хүн бүрийн баярлахыг хараад хамт баярлаад л УРАМ АВДАГ"

- Сувилагч хүн харилцаа хандлага зан чанарын хувьд ямар хүмүүс байх ёстой вэ?

- Сувилагч хүн энэрэхүйн сувилахуйн тусламж үйлчилгээг чин сэтгэлээсээ эмчлүүлэгчийг өөрийн өвөө, эмээ, аав, ээж, ах, дүү шигээ бодож хайрлан энхрийлэн сувилахад эмчлүүлэгч өвчин эмгэг гэхээсээ илүү сэтгэл зүйн байдлаар ямар ч өвчин илаарьшиж болдгийг ойлгоод гардаг байх гэж боддог. Сувилагч хүн үнэнч сэтгэлтэй, зөв харцтай, зөв хандлага харьцаатай хүн бүртэй жигд харьцаж үйлчлэхийг би залуу сувилагч нартаа зааж сургадаг. Бидний мэргэжил өөрөө хүнтэй шууд харьцдаг мэргэжил учраас биднээс харилцааны асар их соёлыг шаарддаг.

Ер нь өрөвч зөөлөн сэтгэлтэй өр нимгэн байхад л болоод л явчихна, мөн нямбай няхуур аливаа юмыг олон талаас нь харж чаддаг бүтээлч хурдтай байх хэрэгтэй.

- Өнөөдөр “Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож байна . Тэгвэл танай эмнэлгээс энэ хүрээнд ямар ямар ажлыг зохион байгуулсан вэ?

- Манай эмнэлэг 2025 онд түүхт 100 жилийн ой тохиох гэж байгаатай холбогдуулан маш олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ жил сувилагч тусгай мэргэжилтнүүдийнхээ дунд "Амилуулах суурь тусламж үзүүлэх Хөх код идэвхижих үеийн арга хэмжээ" сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж бүх тасаг нэгжүүд оролцон ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Ингэснээр сувилагч тусгай мэргэжилтнүүд маань өөрсдийн мэдлэг, чадвараа хөгжүүлэн бие биеэсээ суралцах боломж гарч ирсэн.

- Таны сувилагч мэргэжлээрээ хамгийн бахархдаг мөч. Таны ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

- Миний мэргэжлээрээ хамгийн бахархдаг зүйл бол сувилагч мэргэжлийг сонгоод мэргэжлээрээ ажиллаад жил гаруйхан хугацааны дараа ээжийгээ өвдөөд хэвтэрт байсан тэр хугацаанд асран тойлж сүүлчийн амьсгал хураахад нь өөрийн гараар тариа хийж байсан мөч. Хамгийн хайртай хүнээ өөрийн гараар асарч сувилж чадсан явдал.

Мөн сүүлийн 20 гаруй жилийг нүдний тасагтаа ажиллаж эмч нарынхаа хийсэн мэс заслын өмнөх ба дараах асаргаа сувилгаа эмчилгээ, нүдний дусаалгыг цаг алдалгүй дусаах, эмчлүүлэгч миний үзүүлсэн тусламж үйлчилгээг аваад хараа ороод "баярлалаа" гээд хэлээд гарах л хамгийн сайхан, энэ үед миний сонгосон мэргэжлийн үнэ цэнэ, утга учир надад мэдрэгддэг.

Би тасгийнхаа ахлах  сувилагчийг хийдэг учраас залуу сувилагч нартаа үлгэр дуурайлал болж шударга, сэтгэлтэй, аливаа зүйлд зарчимч, хийсэн ажилдаа сэтгэл хангалуун хариуцлагатай байж, хүн бүртэй тулж харьцан хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан харьцахгүй байх, сэтгэлтэй байхыг л эрхэмлэхийг зааж зөвлөдөг. Өөрөө ч тийм байхыг зорьдог, эрмэлзэж ирсэн. Би залуу сувилагч нартаа сувилагч хүн алдах эрхгүй хүн шүү тийм учраас маш няхуур нямбай байж олон дахин тулгах нягталж харж хийж байхыг зөвлөдөг .

- Танай эмнэлэг цахим системд шилжээд багагүй хугацааг өнгөрүүлсэн . Энэ нь сувилагч та бүхний ажлыг хэрхэн хөнгөвчилсөн бэ? 

- 2015 оноос эхлэн цахим системд шилжсэн, эхэндээ маш хэцүү гараараа мөн компьютер дээр давхар анхан шатны бичиг баримтуудаа хөтөлдөг бичдэг байлаа. Тэр үед сувилагч нар ажлаасаа шантрах үе бас гардаг байсан. Гэхдээ энэ хугацаанд манай сувилахуйн алба, сувилагч нар, мэдээлэл технологийн алба маань хамтран ажиллаж тасралтгүй программын хөгжүүлэлт болон арга зүйгээр хангах сургалтуудыг зохион байгуулж энэ бүхнийг даван туулж одоо бол бүх зүйл цахим системд орсон байна. Сувилагч нар маань өмнө нь сувилгааны түүхээ гараар бичдэг, жишээ нь л гэхэд амин үзүүлэлтийг  3 өнгийн бал ашиглан зурдаг /бид бас энийгээ уул зурах гээд нэрлэчихдэг / байсан нь цахимд шилжсэнээр цаг хугацааг хэмнэсэн, мөн өвчний түүхийн мэдээлэл хадгалагдан  үлддэг болсон нь маш их давуу талтай болсон. 

Сувилагч хувцсандаа жавхаажиж 

Сувилахуйн ухаанд шамдаж 

Сайхан мэргэжилдээ дадлагажсан 

Эгэл даруухан Улсын Нэгдсэн Нэгдүгээр Эмнэлгийн  Сувилахуйн албаныхан болон нийт Ахлах сувилагч, Сувилагч нартаа Олон улсын сувилагч нарын баярын мэндийг хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656898
12 эможи

keyboard_arrow_up