АШУҮИС: Монгол Улсад анх удаа “СУДЛААЧ ЭМЧ“ буюу эмчийн диплом авахдаа “магистрын зэрэг“-тэй төгсөх боломжийг бүрдүүлнэ
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Ректор, Эрдмийн зөвлөлийн дарга Б.Дамдиндорж, БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага зохицуулалтын газрын дарга Х.Тамир, АШУҮИС-ийн багш, доктор профессор Н.Хүрэлбаатар болон бусад эрдэмтэд, багш, оюутнууд оролцож байна.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж АШУҮИС-ийн Ректор, Эрдмийн зөвлөлийн дарга Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг бий болгон хэрэгжүүлэх талаар тусгагдсан бөгөөд энэ хүрээнд манай сургууль ASIIN, APHEA олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагаар Анагаах ухаан, Нийгмийн эрүүл мэнд, Сувилахуйн хөтөлбөрүүдийг амжилттай магадлан итгэмжлүүлж, Дээд боловсролын байгууллагын гүйцэтгэлийн чанарын үнэлгээгээр Монгол Улсдаа дэд тэргүүн байранд эрэмбэлэгдсэн бол сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, мэргэжлийн ажлаараа үндэсний хэмжээнд тэргүүлээд байна.
АШУҮИС-ийн хамт олон 2023 онд 290 ном, сурах бичиг, монограф, 163 гарын авлага, 47 удирдамж, 40 эмхэтгэл, 15 орчуулгын бүтээл туурвин, монгол хэл дээр 641 өгүүлэл хэвлүүлж олны хүртээл болголоо.
АШУҮИС-ийн багш, эмч, сувилагч, судлаачид хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг дэлхийн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд нийт 819 бүтээл хэвлүүлж, бүтээлээс эшлэл авсан тоо 16,950-д хүрснээс зөвхөн 2023 онд манай багш судлаачид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний сэтгүүлд 139 бүтээл хэвлүүлж, бүтээлээс эшлэл авсан тоо 3,567-р нэмэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бүтээлийн тоо 28 хувиар, нийт бүтээлээс эшлэгдсэн тоо 38 хувиар өсөж, өмнөх жилд 4 багш тутмын 1 нь импакт фактор бүхий сэтгүүлд бүтээл хэвлүүлж байсан бол 2023 онд 3 багш тутмын 1 нь бүтээлтэй болсон амжилтыг үзүүллээ." гэдгийг онцоллоо.
АШУҮИС-ийн багш, доктор профессор Н.Хүрэлбаатар:
АШУҮИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЭРДМИЙН ЧУУЛГАН-66” өнөөдөр болж байна. Энэ удаагийн Эрдмийн чуулганд 568 эрдэм шинжилгээний илтгэл ирснээс 143 нийтлэлийг сонгон 10 салбар хуралдаануудад хэлэлцүүлэн дүгнэж, салбар хуралдаануудаас шалгарсан эрдэм, шинжилгээний 10 илтгэлийг шүүн импакт фактор өндөртэй мэргэжлийн сэтгүүлд бүтээл хэвлүүлсэн судлаачдын судалгааны ажлын дүнг хэлэлцэнэ.
АШУҮИС нь эрдэмтэн судлаач багш нарыг дэмжих зорилгоор олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг нь хажуудаа таван хүрээлэнг байгуулсан. Үүнээс гадна гадны өндөр хөгжилтэй оронд манай сургуулийн 60 багш доктор, профессорын сургалтанд хамрагдаж байна. Мөн хүний нөөцийг дэмжих чиглэлээр магистрийн зэрэг хамгаалах багшид 3 сая төгрөгийн, докторын зэрэг хамгаалах багшид 5 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна. АШУҮИС нь эрдэм, шинжилгээ, судалгааны ажлыг тэргүүлэх чиглэл болгох үүднээс нийт төсвийнхөө 7,2 хувийг эрдэм, шинжилгээ, судалгааны ажилд зориулж байна.
Монгол Улсад анх удаа "Судлаач эмч" бэлтгэх бодлогыг баримталж, эмчийн диплом авахдаа магистрын зэрэгтэй төгсөх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Бид одоо олон улсын түвшинд хүрсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд зургаан хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлээр баталгаажуулж авсан.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд 570 орчим шилдэг илтгэл, эмнэлзүйн тохиолдол бүхий “Эрдмийн чуулган-66” илтгэлийн эмхэтгэл, шилдэг эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүдээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан“ сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж багш судлаачдын хүртээл болж байна.
“ЭРДМИЙН ЧУУЛГАН-66”-ий үеэр 2023 онд Elsevier компанийн "SCOPUS" олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй Эрдэм шинжилгээний сэтгүүлд Хариуцлагатай зохиогч, Нэгдүгээр зохиогч, Хамтарсан зохиогчоор бүтээл хэвлүүлсэн судлаачдад бүтээлийн урамшуулал олгох, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан технологийг дэмжих сангийн санхүүжилтээр 2024 оноос хэрэгжүүлэх судалгааны төслийн удирдагчдад батламж гардуулах, АШУҮИС-ийн докторын дараах судлаачид батламж олгох, ахисан түвшний сургалтад суралцагчдад АШУҮИС-ийн захирлын нэрэмжит судалгааны тэтгэлэг олгохоос гадна Эрдмийн чуулган-66 эрдэм шинжилгээний хуралд ТЭРГҮҮН байр, ДЭД байр эзэлсэн багш, эмч, сувилагч, судлаачдад шагнал гардуулна.