Т.Мөнхсайхан: Надад бодож явсан зүйлүүдээ эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлье гэсэн амбийц байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өнөөдөр /2021.01.20/ өглөө. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы "GoGo.mn" сайтад 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр өгсөн ярилцлагыг уншигч Танд хүргэж байна.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбар салбартаа ажилласан туршлагатай, мэргэжлийн залуучуудаар голдуу танхимаа бүрдүүллээ. Таны хувьд сайдын албан тушаал гэнэтийн томилгоо болсон байх гэж хардаг?
-Тэгсэн. Миний хувьд гэнэтийн томилгоог хүлээж авсан. Үүний цаана маш том итгэл, хариуцлага бий. Эрүүл мэндийн салбартаа тулгамдсан асуудлуудыг шийдэх боломж нь гарч байна. Салбарынхантайгаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө чадах бүхнээ дайчилж ажиллана.
-Мэс заслын эмчээс эхлээд хоёр ч том эмнэлгийг удирдаж байсан Танд эрүүл мэндийн салбарт шийдлээ хүлээсэн ажлуудыг мэдэхгүйн зовлон байгаагүй болов уу?
-Эрүүл мэндийн салбарыг бодлогоор чиглүүлж, удирдана гэдэг хариуцлагатай, өргөн цар хүрээтэй ажил. Би эрүүл мэндийн салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна. Эхний арван жилд мэс заслын эмч, сүүлийн дөрвөн жилийн гуравт нь ГССҮТ, нэг жил УНТЭ-ийн захирлаар ажиллалаа. Улсын хоёр ч том эмнэлгийг удирдаж ажилласны хувьд салбарт тулгамдаж буй асуудал, хийх шаардлагатай өөрчлөлтүүдийг мэдэж байсан. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийг чадавхжуулах ажлыг бодлогоор эхлүүлсэн.
Учир нь улсын хэмжээнд хавдар, гэмтэл, зүрх судас зэрэг нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг нэг нэг төв эмнэлэгтэй, тэндээ бүх ачааллыг авч иргэдэд хүлээлт, чирэгдэл үүсгэдэг бэрхшээл лавлагаа шатлалын бүх эмнэлгүүдэд ялгаагүй бий. Үүнийг шийдвэрлэх нь эмнэлгийн даргын мэдлээс хэтэрсэн асуудал. Аль болох олон хүнд чирэгдэл багатай үйлчлэх, эмч, мэргэжилтнүүд нь ачаалалтай ажилласан хэрээрээ хөдөлмөрөө үнэлүүлэх боломжийг нэмэгдүүлснээр эмч ч, үйлчлүүлэгч ч сэтгэл ханамжтай байх юм. Төвлөрлийг сааруулахын тулд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хавдар, гэмтэл, хүүхэд, зүрх судас зэрэг олон чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тусламжийн нэр төрлийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжиж байна. Энэ ажлууд хөдлөөд эхэлсэн. Орон нутагт тун удахгүй шинэ эмнэлгүүд ашиглалтад орж, бодит үр дүнгээ харуулна. Үүний нэг нь Говьсүмбэр аймаг дахь шинээр ашиглалтад орж буй нэгдсэн эмнэлэг. Одоо гурав дахь шатлалын эмнэлгүүдээс төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар ээлжээр очиж орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт явуулж, чадавхжуулах ажлууд хийгдэж байна.
-Манай улсын эмнэлгүүд ачаалал ихтэй, эмч, сувилагч нар маш их ажилтай ч цалиндаа сэтгэл ханамжгүй. Эмч, үйлчлүүлэгчийн хэн хэн нь сэтгэл ханамжгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаална. Манай улсын эрүүл мэндийн салбар эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг эмнэлэгт хэт төвлөрүүлж, ачаалал үүрүүлдэг тогтолцоотой. Тэр ачааллыг даван туулах гэж эмч, мэргэжилтнүүд олон цагаар ажилладаг ч ажилласаны хэрээр цалин урамшууллаа авч чаддаггүй. Нөгөө талдаа хэт төвлөрлөөс шалтгаалан дараалал, хүлээлт үүсэхэд иргэд бухимдалтай байдаг. Тиймээс ирэх оны буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүждэг болно. Энэ тогтолцоогоо дагаад эмч, эмнэлгийн ажилчид ч мөн гүйцэтгэлээрээ цалин, урамшууллаа авах юм. Үүнийгээ дагаад иргэддээ хүртээмжтэй, чанартай үйлчилгээгээ үзүүлэх, үйлчлүүлэгч олон байвл тухайн эмнэлгийн санхүүжилт нэмэгдэнэ, боломж гэсэн хандлагаар үйлчилдэг болно. Яваандаа шүүмжлэл дагуулдаг хандлагын асуудал ч мөн шийдэгдэнэ гэж харж байна.
МОНГОЛ УЛС 10 МЯНГАН ХҮН АМД НОГДОХ ЭМНЭЛГИЙН ОРНЫХОО ТООГООР ДЭЛХИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛСУУДЫН ТҮВШИНД БАЙНА
-Та эрүүл мэндийн салбарт цахим нэгдсэн сүлжээг бий болгоно гэсэн. Үүнийг дагаад хүндрэл чирэгдэл багасах уу?
-Эрүүл мэндийн салбарын 2020-2024 оны баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд цахим тогтолцоог бий болгох гэж тусгагдсан. Үүний дагуу бүх шатны эмнэлэг, эмийн сан, эрүүл мэндийн даатгал, иргэнийг холбосон цахим нэгдсэн сүлжээг бий болгохоор зорьж байна. Мөн иргэний цахим мэдээллийн нэгдсэн сан бий болно. Эмнэлэгт үзүүлэх гэж дараалал үүсгэх биш цаг авах үйлчилгээг бүрэн цахимжуулах “Цаг захиалгын нэгдсэн төв”-ийг ажиллуулж, эрүүл мэндийн даатгалын цахим хяналтыг бий болгох зэрэг олон талын ажлууд эхэлсэн. Өнгөрсөн даваа гарагт /2020.09.21/ нээлтээ хийсэн PACS системийн тусламжтайгаар оношилгоо, шинжилгээний давхардал алга болно. Энэ мэтчилэн бид цахим засаглалыг ашиглан түвэг, чирэгдэлгүй болох, шуурхай үйлчилгээг салбартаа ажил болгоно. Аливаа тодорхойгүй зүйлийг тодорхой болгож шийдэх ёстой. Энэ ондоо багтан манай эмнэлгүүд хэвтэлт гаралтын системийг бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Эмнэлгийн хэвтэлт, гаралтын системийг нэвтрүүлснээр эмнэлэгт хэвтэх гэж олон хоног, сараар ор хүлээдэг хүндрэлийг шийдэж чадах уу?
-Манай улсын хувьд 10 мянган хүн амд ногдох орныхоо тоогоор дэлхийн өндөр хөгжилтэй улсуудын түвшинд байна. Герман улстай яг ижил түвшинд байгаа юм. Орны хүлээгдлийг эмнэлгийн дотоод зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой. Үүний нэг нь хэвтэлт, гаралтын систем. Манай улсын эмнэлгүүд дотроо тасгийн зохион байгуулалттай. Тасаг тус бүр 40 ортой. Тэр 40 орондоо тохируулж, орны эргэлт хийдэг. Гэтэл улирал, цаг үеэсээ хамаарч нэг тасгийн 40 орны 20 нь сул байхад нөгөө тасгийн ор дүүрч коридорт өвчтөнүүдээ хэвтүүлсэн байдаг. Үүнийг эмнэлгийн хэмжээнд нэгдсэн байдлаар шийдэж, орны төлөвлөлт хийх боломжтой. Гадны орнуудад эмнэлэг болгон хэвтэлт, гаралтын нэгжтэй, тэр нэгж нь орны менежментийг хийдэг.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг 520 ортой. Үүнээс зөвхөн Дотрын тасгуудын 120 орыг нэг төлөвлөлтөд оруулснаар нэг сарын хугацаанд орны эргэлтээр тооцогдон Эрүүл мэндийн даатгалын сангаас орох санхүүжилт өмнөхөөс 60 сая төгрөгөөр нэмэгдсэн. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжиж эхлэхэд эмнэлгүүд аяндаа орныхоо эргэлтийг сайжруулахыг эрмэлзэнэ. Тэр нь иргэдэд тустай. Үйлчлүүлэгчийн эмнэлэгт хэвтэх сар, өдрийг тодорхой хэлж, хэвтэхийн өмнөх өдөр нь утсаар ярьж сануулахад бүх зүйл тодорхой учир иргэд ч сэтгэл ханамжтай байдаг. Орны хэвтэлт, гаргалтын менежментийг тасагт нь биш, эмнэлгийн түвшинд хийгээд эхлэхэд орны эргэлт сайжирдаг. Гэхдээ тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогоос хамаарч бүх тасгийн орны эргэлтийг нэгтгэх боломжгүй. Анх энэ системийг хэрэгжүүлэхэд “Тусламж үйлчилгээ улам нарийсах ёстой байтал буцааж төвлөрүүллээ, ухралт боллоо” гэх эмч нар ч байсан. Харин бодит байдал дээр хэрэгжүүлэхэд болдог юм байна гэдгийг бүгд ойлгосон.
-Гэмтлийн эмнэлэгт түлэгдэлтийн хүндрэлээр олон хүүхэд нас барж байсан. Та захирлаар нь ажиллаж байхдаа нас баралтыг дорвитой бууруулсан. Энэ үзүүлэлт одоо ямар байгаа бол?
-Би түлэнхийн эмч биш л дээ. Мэс засалчаар ажиллаж байхад түлэнхийн улмаас долоо хоног бүр хүүхэд энддэг байв. Зөвхөн түлэнхийн хүндрэлээр жилдээ 50-60 хүүхэд нас барж байгааг сонсож, сэтгэл зовж, нас баралтыг бууруулахын тулд юу хийж болохыг судалсан. ГССҮТ-ийн даргаар томилогдсоныхоо дараа энэ чиглэлд цогц арга хэмжээ авсан. Тухайлбал, хүүхдийн эрчимт эмчилгээний эмчтэй болгосон. Хүүхдийн эрчимт эмчилгээний сувилагчийн чадавхийг сайжруулах ёстой юм байна гэж бүх сувилагчаа ээлж дараалан ЭХЭМҮТ-д сургасан. Монголын түлэнхийн санг байгуулсан. Технологийн талаас хиймэл арьс нь байхгүй бол амь насыг аврах аргагүй. Дээр нь Хүүхдийн эрчимт эмчилгээний өрөөний орчин нөхцөлийг сайжруулж, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, амьсгалын аппарат тоног төхөөрөмжүүдийг шинэчилж сайжруулсан. ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн чадварлаг хамт олонтой хамтран ажилласнаар үр дүнгээ өгсөн. Түлэнхийн хүндрэлээр нас барах хүүхдийн тоог хоёр жилийн дараа 60 хувь, гурван жилийн дараа 90 хувь хүртэл бууруулсан. 2020 он гарснаас хойш түлэнхийн шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна.
-Одоо түлэгдэж ирж байгаа хүүхдийн тоо буурсан болов уу?
-Түлэгдэж ирэх хүүхдийн тоо буураагүй, урьдын адил их хэвээр. Бид түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багагүй ажлууд хийсэн боловч төдийлэн сайн үр дүн гарахгүй байна. Голдуу гэрт амьдардаг айлын бага насны хүүхдүүд мөлхөж байгаад халуун тогоотой хоол руу орж, их хэмжээний түлэгдэлттэй ирдэг. Гэрт амьдардаг ихэнх айл халуун тогоо хэрэглэдэг. Зай багатай, хоолны тогоогоо газарт тавьдагаас эрсдэл гарсаар байсан. Ингээд бид гэрт суурилуулах боломжтой халуун тогооны тавиурын зураг гаргаж, түүнийгээ гэрийн баганад бэхлэхээр тооцоолж төмрийн дархчуулд захиалж хийлгэсэн. Гэрийн цахилгааны утас нь баганаа дагаж дээшээ гардаг учир суурийг баганад бэхлэхэд хамгийн тохиромжтой. Суурийн өндрийг хүүхдэд аюулгүй байхаар тохируулна. Баянхошууны хамгийн их түлэгдэлт гарч байсан хорооны 100 айлд халуун тогооны суурийг бэхэлж өгсөн.
ЯВААНДАА АМРАЛТЫН ӨДРӨӨР Ч ГЭСЭН ЦАГ ГАРГАЖ, ШААРДЛАГАТАЙ МЭС ЗАСЛУУДЫГ ХИЙЕ ГЭЖ БОДДОГ
-Та гэмтлийн мэс засалч хүн. Дарга, сайд болсноор мэргэжлийн ажлаа хийгээгүй хэр удаж байна вэ?
-Миний нарийн мэргэжил бол үений дурангийн мэс засалч. Сүүлийн дөрвөн жилд удирдах ажил хийсэн ч мэс заслаасаа огт хөндийрөөгүй. Харин сайдаар томилогдсоноос хойших хоёр сар гаруйн хугацаанд нэг ч мэс засал хийж амжсангүй. Нэгдүгээр эмнэлэгт байхдаа өдөрт нэг мэс засал хийдэг байсан. Нэгдүгээр эмнэлэг Үений мэс заслын тасагтай, эмч нар нь бэлтгэгдсэн ч үений дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмж нь байгаагүй. Би анх авч хэрэглэж байсан өөрийнхөө тоног төхөөрөмжүүдийг Нэгдүгээр эмнэлэгтээ авчраад үений дурангийн мэс заслыг эхлүүлсэн. Одоо манай залуу эмч нар ч бүгд өвдөг, мөрний хиймэл үений мэс засал хийдэг болчихлоо. Мөн гэмтлийн төрлийн зарим мэс заслыг ч хийж байна. Өнгөрсөн хугацаанд мэс заслын эмчийнхээ хувьд нийт 5000-6000 мэс заслыг хийж, үүнээс зөвхөн өвдөгний үений дурангийн 2000 гаруй мэс хийсэн байдаг.
Мэдээж салбартаа хийх бодлогын ажлуудаа эхлүүлээд нэг жигдэрчихвэл яваандаа амралтын өдрүүдэд цаг гарган мэс заслаа хийе гэсэн бодолтой байна. Гэхдээ миний одоогийн үүрэг хариуцлага бол эрүүл мэндийн салбарт бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийж, зөв тогтолцоонд оруулах алхмуудыг хийх. Тиймээс гол эрх зүйн суурь болох Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуульднэмэлт, өөрчлөлтүүдийг наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар баталлаа. Одоо бидэнд хэрэгжүүлэх гол ажил үлдээд байна. Бүх зүйл цаг хугацаатай. Тэр цаг хугацаандаа л хариуцсан үүргээ төгс гүйцэтгэх нь чухал гэж боддог доо.
-Та Гэмтлийн эмнэлэгт ажиллаж байхдаа хэд хэдэн шинэ мэс заслыг Монголдоо нэвтрүүлсэн юм байна. Энэ тухайгаа сонирхуулаач?
-Би 2010 онд БНСУ-д Өвдөг түнхний хиймэл үе, Өвдөг мөрний дурангийн мэс заслаар нарийн мэргэжил дээшлүүлж, сурсан. БНСУ-д суралцаж ирээд 2012 оноос ГССҮТ-д үений дурангийн мэс заслыг Монголд анх удаагаа хийж эхлүүлсэн. Тухайн үед өвдөг, түнхний мэс засал хийгддэг, нутагшсан байсан боловч дурангийн мэс засал огт хийгдэж байгаагүй юм. Үений дурангийн мэс заслыг хийдэг зориулалтын тоног төхөөрөмж нь манай улсад байгаагүй учраас БНСУ-аас тоног төхөөрөмж худалдан авч, улмаар ГССҮТ-д уг мэс заслыг эхлүүлж байлаа. Анх цөөн тохиолдол дээр дурангийн мэс засал хийдэг байсан. Тухайлбал сардаа нэг, хоёр мэс засал хийдэг байсан бол яваандаа нэмэгдсээр одоо өдөрт дурангийн 2-3 мэс засал хийдэг болсон. Анх дурангийн мэс заслыг ганцаараа хийдэг байсан бол эмч нараа сургаж бэлтгэсэн. Одоо арваад залуу эмч дурангийн мэс засал хийж байна. Монгол Улсад өвдөгний үенд хийж болох бүх төрлийн мэс засал нутагшсан гэж хэлж болно.
-Та төрөлжсөн болон нэгдсэн эмнэлгийн удирдлагаар ажиллахдаа эмнэлгүүдийн тохижилтод анхаарч, маш сайхан болгосон?
-Эмнэлэгт орж ирсэн хүн бүхэнд харагддаг учир тохижилтод илүү анхаарсан мэт санагддаг тал бий. Удирдлагын хувьд үйлчилгээг иргэдэд яаж илүү ойртуулах вэ гэж харж өөрчлөлтүүдийг хийхийг хүссэн. Эмнэлгийн хөгжил нь зөв менежмент, тусламж үйлчилгээ, орчин, хандлага, шинэ технологи гээд бүх л талаас нь жигд авч явж байж хөгжинө. Эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай асуудал бас орхигдох ёсгүй. Дээр нь тоног төхөөрөмжийн шинэчлэл гэх мэтээр бүх чиглэл рүү жигдхэн өөрчлөлт, шинэчлэл хийхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар иргэдэд мэдрэгдэж байгаа юм.
ХУВИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛЖ, СУРСАН МЭС ЗАСЛУУДАА БИЗНЕС БОЛГООД ЯВАХ БОЛОМЖ НАДАД БАЙСАН. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ МИНИЙ ХҮСЭЛ БИШ
-УИХ-аар эрүүл мэндийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ дагуу эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжинэ гэсэн зохицуулалт эмнэлгүүдийг хувьчлах суурийг тавилаа гэсэн хардлага дагуулж байна?
-Дээр хэлсэнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс зарим эмнэлэг хагас бие даасан тогтолцоонд шилжиж, гүйцэтгэлээрээ санхүүжих бэлтгэл ажлуудаа хийгээд эхэлсэн. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс бүх эмнэлэг шилжих юм. Хагас бие даасан байдалд шилжсэнээр эмнэлгүүд Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, зөвхөн улсын төсвөөс санхүүждэг биш өөрийн дотоод нөөц, боломжийг дайчлан тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар нэмэлт орлого төвлөрүүлэх боломжууд бүрдэнэ. Үүнийг хувьчлалтай андуурч болохгүй. Менежментээ сайжруулж, эмнэлэг хөгжих боломжийг бүрдүүлсэн зохицуулалт юм. Ингэснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар сайжирна. Мөн энэ хуулийн өөрчлөлтөөр эмнэлгүүдийн санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж, эмнэлгийн бүхий тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлнэ. Эмч, сувилагчдын цалин, урамшууллыг гүйцэтгэл, ажлын бүтээмжид нь нийцүүлэн олгодог болох тухай олон жил яригдсан асуудал энэ хууль батлагдсанаар шийдэгдэж буй юм.
ЭМЯ-наас наймдугаар сарын 26-наас эхлэн бүх харьяа эмнэлгүүдийнхээ хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлыг салбарынхаа хэмжээнд хэлэлцэн хамтарсан уулзалтуудыг хийгээд явж байна. Тус уулзалтыг онлайнаар 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтнууд шууд үзэж, оролцож байгаа. Бид болохгүй байгаа бүх зүйлээ салбарынхаа түвшинд ярьж, шийдэж, нэгдсэн нэг ойлголттой болж хамтдаа хөгжих ёстой. Тэр эмнэлгийн асуудал манайд хамаагүй гэсэн асуудал энэ салбарт байхгүй. Уялдаа холбоо, хамтын ажиллагаатай ажиллаж байж үр дүнд хүрдэг онцлогтой. Учир нь бид ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах нэг зорилготой.
-Монголд эмийн үнэ ДЭМБ-ийн жишиг үнэтэй харьцуулахад 5-6 дахин өндөр байна. Худалдаанд байгаа гурван эм тутмын нэг нь хуурамч эм гэсэн мэдээлэл гарсан нь бодит байдалд нийцэх үү?
-Хуурамч гэж нэрлэхээр буруу ойлголт өгч байгаа юм. Хуурамч эм гэж орц найрлага нь буруу, дуурайлгаж хийсэн, хэрэглэхэд гаж нөлөө үзүүлэх, савлагаа боодол нь стандартын шаардлага хангахгүй бол хуурамч эм гэнэ. Гэтэл манайд ийм хуурамч эм байхгүй. Харин Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, олон улсын стандартын шаардлага бүрэн хангаагүй бүтээгдэхүүн бол бий. Манайд худалдаалж буй эмийн гуравны нэг нь хуурамч гэж хэлбэл буруу ойлголт өгсөн болно. Сая батлагдсан хуулийн өөрчлөлтийн хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдан 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс ажиллана. Тус агентлаг байгуулагдсанаар эмийн үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, чанартай эмээр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ. Эмчийн бичсэн жор эмийн санд цахимаар очно, үйлчлүүлэгч эмийн санд хурууны хээгээ уншуулаад эмээ авна. Бүртгэл, мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх учир ямар нэг хүндрэл бэрхшээл, гажуудал гарахгүй.
-Төр агентлаг байгуулан зах зээлийн зохицуулалтуудад оролцоод эхлэхэд эм ханган нийлүүлэгчдийн бизнест цохилт болохгүй юу?
-Энэ бодлого хувийн салбарынханд цохилт болохгүй. Эмийн бизнес бол маш олон мянган тоо ширхгээр авч байж ашиг орлого олдог. Манай улс хүн ам цөөтэй атлаа эм хангамжийн маш олон компанитай. Компани бүр тус тусдаа захиалга хийхэд үнэ нь өндөр тусдаг. Хэрэв бүгд нэг дор захиалгаа өгч, олон тоо ширхгээр урт хугацаанд авах гэрээ байгуулбал эмийн үнэ хямдрах боломжтой. Нэгдсэн захиалгаар авсны дараа ханган нийлүүлэгч компаниуддаа захиалсан тоо ширхгээр нь хуваарилна. Ханган нийлүүлэгчид бизнесийн байгууллага учир ашгаа нэмээд худалдаална. Энэ боломжийг шинээр байгуулагдах агентлаг бүрдүүлж өгөх юм. Тэгэхээр эмийн үнийг одоогийн түвшинд нь барьж, чанарыг өндөр түвшинд аваачна.
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах, хөнгөлөлттэй эмийн төсөв гэх мэт энэ бүх санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сан дааж чадах уу?
-Манай улсын даатгалын тогтолцоо маш боломжийн. Гэхдээ олон улсын түвшинд хүрсэн нарийн мэргэжлийн тусламжийг даатгалаас бүгдийг хариуцах чадалтай биш л дээ. Манай улсын эрүүл мэндийн даатгалын хураамж маш бага. Тийм бага хураамжаар өндөр түвшинд хүрсэн тусламж үзүүлэх боломжгүй. Тэгэхээр цаашдаа иргэдэд сонголт өгдөг даатгалын шимтгэлийн тогтолцоотой болох хэрэгтэй. Даатгалын шимтгэлийг одоогийн түвшиндээ төлж болно. Эсвэл арай ахиу төлөөд илүү өртөг өндөртэй тусламж үйлчилгээ авах боломжийг олгох ёстой юм.
-Та Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ямар ахиц дэвшил гаргахыг хүсэж байна вэ?
-Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг амьдарч байгаа бүс нутгаасаа түвэг чирэгдэлгүй, чанартай авах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Үүний тулд эрүүл мэндийн салбарт хийх, өөрчилж шинэчлэх ажил маш их бий. Энэ ажлын эхлэл нь өнгөрсөн наймдугаар сард батлагдсан Эрүүл мэндийн тухай багц хуулиудын өөрчлөлтүүдэд тусгалаа олж, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлтийн суурь тавигдсан. Бусад өөрчлөлтүүдийг давхар хийгээд явахад ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт маш том дэвшил гарна. Ард иргэдийн эрүүл мэндийн салбартаа итгэх итгэл, сэтгэл ханамж хэд дахин нэмэгдэнэ, үүний төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллах болно.
-Эрүүл мэндийн салбарыг тогтолцоогоор бүхэлд нь шинэчилж өөрчлөхөд ямар хугацаа хэрэгтэй бол. Дөрвөн жил гэдэг Таны хувьд хэр ажил амжуулж болох хугацаа вэ?
-Салбарын хэмжээний том өөрчлөлтүүдийг хийхэд дөрвөн жил гэдэг нэг талдаа богино хугацаа. Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гадаад руу явж авдаг биш, гадаадаас манай улсыг зорьж эмчилгээ үйлчилгээ хийлгэдэг, эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжсөн, эрүүл мэндийн салбар нь Улсын төсөвтөө тодорхой хэмжээний ашиг орлогыг төвлөрүүлдэг, өөрийгөө 100 хувьд аваад явах боломжтой тогтолцоог бий болгохыг би хүсэж байна. Ийм хэмжээнд хүрье гэвэл дөрвөн жил бага хугацаа. Харин ард иргэддээ эрүүл мэндийн тусламжийг чирэгдэлгүй хүргэх хэмжээнд хүргэе гэвэл дөрвөн жил гэдэг боломжийн хугацаа гэж харж байна.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэг талдаа бизнес болсон. Таны хувьд улсын эмнэлэгт ажиллаж, шинэ шинэ мэс заслуудыг нэвтрүүлэхээс илүү хувийн эмнэлэг байгуулаад ашиг орлого олоод явах боломжтой байсан уу?
-Би мэс заслын эмч болсондоо сэтгэл хангалуун явдаг. Эмч хүнийхээ хувьд сурч мэдсэнээ өөрийнхөө хэмжээнд хэрэгжүүлж, одоо бодлогын түвшинд ажиллаж байна. Хувийн эмнэлэг байгуулж, сурсан мэс заслаа хийгээд, хувьдаа хөрөнгө оруулалт, бизнес болгоод ажиллах боломж байсан. Гэхдээ энэ нь миний хүсэл биш.
-Мэс заслын эмч мэргэжлийн тань сайхан нь юу вэ?
-Гэмтлийн мэс засалч бол үр дүн нь шууд харагддаг мэргэжил. Шилбэний яс нь хугарсан бол хэвтрийн хүн л ирнэ. Мэс заслын дараа хөл дээрээ босоод “Баярлалаа, эмч ээ” гээд эмнэлгээс гардаг. Энэ бол миний мэргэжлийн хамгийн сайхан нь.
ХҮҮХЭД БАЙХАД ХУУШУУР ЗАРАХААС ЭХЛЭЭД ЗАХ ДЭЭР ХИЙГЭЭГҮЙ АЖИЛ ХОВОР ДОО
-Таны аав “Хүчит шонхор” худалдааны төвийг байгуулсан хүн юм байна. Та аавынхаа ажилд хэр тусалдаг байв?
-Багадаа л тусалдаг байлаа. “Хүчит шонхор” зах бол хуучин 38 дугаар авто бааз байсан. Аав тэр баазын жолооч хийдэг байлаа. 1990 онд авто бааз хувьчлагдахад, аав хэдэн нөхөдтэйгээ хамтарч худалдаж аваад хүнсний зах болгон ажиллуулсан. Би багаасаа л хуушуур зарахаас эхлээд зах дээр хийгээгүй ажил ховор. Оюутан байхдаа зуны амралтаараа байцаагч хийнэ. Шинэ барилга баригдахад шавар зуурах, зөөхөөс нь эхлээд аавынхаа ажилд нэмэр болно. Ажилдаа таарсан цалин ч авна. Хүссэн пүүзнийхээ мөнгийг өөрөө ажил хийгээд олчихдог байлаа. Зах дээр ажиллахдаа их зүйл сурсан гэж боддог юм. Би хэдийгээр таван хүүхэдтэй айлын бага ч гэсэн учиргүй эрхэлж, тоглосон хүүхэд байгаагүй. Хүнд хүчир, хар бор ажил хийж байхдаа ажил хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн. Хөдөлмөрлөж чадвал ямар ч амжилтад хүрч болдгийг тэр үеэс ойлгосон гэхэд болно. Хариуцсан ажлаа төгс хийж чадвал ажил, мэргэжил бүхэн сайхан.
-Та дунд сургуульд байхдаа тоо, физикийн олимпиадад амжилттай оролцдог байжээ?
-Би Баянгол дүүргийн 28 дугаар дунд сургуулийн Математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч төгссөн. Манай багш нар их мундаг. Тухайн үед Улаанбаатарт тоо, физикээр Нэгдүгээр сургууль, Арваннэгдүгээр сургууль л яригддаг байхад манай сургууль, тэр дундаа манай ангийнхан нэлээн хүчтэй орж ирсэн. Манай ангиас тавуулаа баг болж, Нийслэлийн физикийн олимпиадуудад ордог байлаа. Наймдугаар ангидаа нийслэлийн олимпиадаас нэг ангийн тавуулаа эхний таван байрыг эзэлж билээ. Ер нь математик, физик бол хүний оюун ухаан, бүтээлч сэтгэлгээг илүү задалж өгдөг шинжлэх ухаан.
-Эмч, эмнэлгийн дарга байсан Та одоо улс төрийн албан тушаалтан боллоо. Шинэ ажил тань сонирхолтой байна уу?
-Улс төрийн албан тушаал гэхээсээ илүү салбартаа бодитоор хувь нэмрээ оруулах мэргэжлийн үүрэг хариуцлага нэмэгдлээ гэж харж байна. Сайдаар томилогдсоноор эрүүл мэндийн салбарт хийхийг хүссэн ажил, шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулах боломж гарч ирж байна. Эмч, эмнэлгийн даргын өнцгөөс эрүүл мэндийн салбарт үүссэн асуудлыг харж байсан тэр ажлуудаа хийх боломжийг олгосон. Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийх гаргалгаа, боломжууд харагдаж байгаа учир богино хугацаанд үр дүнд хүргэхийн төлөө ажиллаж байна. Хамт олонтойгоо нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж байгаа учраас өөрчлөлт гарна гэж харж байгаа.
-Нийгэмд улстөрчдийн нэр хүнд сайнгүй байгаа. Бизнесээ хамгаалах болон ямар нэг ашиг сонирхлын үүднээс хүмүүс улстөрийг сонгодог гэсэн ойлголт бий болчихлоо. Танд энэ албан тушаалыг хаших ямар нэг ашиг сонирхол байна уу?
-Надад ямар нэг хувийн ашиг сонирхол огтхон ч алга даа. Өөрийн бодож явсан зүйлүүдийг улсынхаа эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлье гэсэн ажил мэргэжлийн амбийц байна. Нөгөө талаас миний хувьд санхүүгийн байдал, хувийн бизнесээ хамгаалахын төлөө улстөрийн замыг сонгох шаардлага надад байхгүй. Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт орж байна уу гэдгийг цаг хугацаа л харуулна, миний ажлын дүгнэлт нь тэр болно. Сэтгэл зүрхээ зориулж, зөв чигээ бариад ажиллавал боломжгүй зүйл гэж байхгүй.
-Засгийн газрын гишүүний тань хувьд асуухад ард түмний сэтгэл санаа гундуу байна. Улстөрчдөд, засаг төрдөө итгэх итгэл их суларсан. Энэ байдал ирэх жилүүдэд сэргэх болов уу?
-Ард түмний төр засагт итгэх итгэл сүүлийн хэдэн жилд сэргэж байна гэж харж байгаа. Ирэх дөрвөн жилд бүр их өөрчлөгдөж сайжирна гэдэгт итгэлтэй байна. Өөрчлөлтүүд маш их гарна. Учир нь Засгийн газрын гишүүд салбар салбартаа мэргэшсэн хүмүүс, юу хийх шаардлагатайгаа мэднэ. Тэргүүлсэн салбараа өөр түвшинд гаргая, улс орноо хөгжүүлье гэсэн бодлого төлөвлөгөөтэй, итгэл үнэмшилтэй ажиллаж байна.
-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.